УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага, Хүний нөөцийн албатай хамтран “Хувь хүний хөгжлийн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийг 2022 оноос эхлэн амжилттай хэрэгжүүллээ. Манлайлагч залуусыг чадавхжуулах, тэдний ур чадвараар дамжуулан байгууллагын соёл, эерэг хандлага гэхчлэнгээр УБТЗ-ын ажилтнуудын хувь хүний хөгжилд чиглэсэн ур чадварыг (soft skill) бий болгох, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус сургалтад урд, хойд, төвийн бүсийн төмөр замчин залуусын төлөөлөл болсон нийт 45 залуу гурван ээлжээр амжилттай суралцаж төгссөн юм.
Дээрх сургалтыг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэргэдэх “SDY” академитай хамтран зохион байгуулсан. Ингэхдээ долоо хоногийн турш вакумжуулсан хэлбэрээр хичээллэж, төгсгөлд нь ур чадварын шалгалтад хамрагдан “Сургагч багш”-ийн эрхээ албан ёсоор авсан билээ. Ийнхүү УБТЗ-ын манлайлагч залуус “Хувь хүний хөгжлийн сургагч багш” болсноор Залуучуудын төв байгууллагын дэргэд “Залуучууд хөгжлийн академи”-ийг байгуулсан юм. Эдүгээ Залуучууд хөгжлийн академийн “Сургагч багш” нар УБТЗ-ын харьяа аж ахуйн нэгжүүдэд давхардсан тоогоор 3000 гаруй хүнд хувь хүний хөгжлийн сургалтыг хийжээ. Түүнчлэн, “Зам тээврийн залуучуудын анхдугаар чуулга уулзалт”, “Олон улсын төмөр замчин залуусын хоёрдугаар форум” зэрэг томоохон арга хэмжээний зохион байгуулалтад Залуучуудын төв байгууллагын “Сургагч багш” нар өндөр үүрэгтэйгээр оролцож ирлээ. Эдгээрээс гадна ТЗДС-тай хамтран 2022 онд “Оюунлаг залуус”, 2023 оноос “Оюунлаг Баасан гараг” сэдэвт цуврал лекцийг оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулж байна. Мөн “Уран илтгэл, парламентын мэтгэлцээн сонирхогч төмөр замчин залуусын клуб”-ыг байгуулан долоо хоног бүрийн Баасан гарагт тогтмол ажиллуулж байна. Энэхүү клуб нь ажлын талбарт гарсан төмөр замчин залуус болон ТЗДС-ийн оюутнуудад үргэлж нээлттэй бөгөөд уран илтгэл, парламентын мэтгэлцээний томоохон тэмцээн уралдаанд хамтарсан баг гарган оролцох боломжийг бүрдүүлээд буй юм.
Төмөр замчдын залгамж халаа болсон оюутан залуус болон ажлын талбартаа үүргээ гүйцэтгэж яваа манлайлагч залуусын илтгэх, мэтгэлцэх урд чадварыг хөгжүүлснээр үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх чадамж болоод нийгмийн идэвх нь нэмэгдэх, бусад салбарын залуус дунд байгууллагынхаа нэрийг гаргах, бусдад өөрийгөө зөв боловсон ойлгуулах, мэргэжил нэгтнүүдээ манлайлж, залуучуудыг хамарсан аливаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гээд олон талын ач холбогдолтой юм.
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага дэргэдээ “Залуучууд хөгжлийн академи”-тай хувь хүний хөгжлийн мэргэшсэн “Сургагч багш” нартай болсноор төмөр зам, авто зам, авто тээвэр, агаарын тээвэр гээд салбарын хэмжээний залуусын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, манлайлахад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тэд улсын болоод олон улсын чанартай уулзалт, форумыг бие даан зохион байгуулах ур чадвартай болсноос эхлээд улам бүр туршлагажиж байна.
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага ирэх он жилүүдэд хувь хүнд чиглэсэн хөгжлийг дэмжихэд онцгой анхаарах зорилтыг өмнөө тавьж буй юм. Тухайлбал, хэн илүү хичээж, хөдөлмөрлөж, шинэ санаачилга гаргана тэр хэрээрээ хөгжиж дэвших, ур чадвар нь нэмэгдэх боломж нь нэмэгддэг зарчмаар ажиллана. Ийм зарчмыг хэрэгжүүлснээр төмөр замчин залуусын дунд ур чадварын шударга өрсөлдөөн бий болж, бие биеэсээ харилцан суралцаж, бусдадаа тусалж, салбартаа төдийгүй нийгэмд тустай үйл хэргийг улам бүр нэмэгдүүлэх талбар бий болж байна.
Техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин зуунд хувь хүн өөрийгөө үнэ цэнэтэй байлгах нь юу юунаас илүү чухал байгаа юм. Жишээ нь, хиймэл оюун ухааны төгс гүйцэтгэж чаддаггүй үйлдэл болох бүтээлчээр сэтгэн бодох, тасралтгүй суралцах, эерэг хандлагыг түгээх зэрэг хувь хүний ур чадваруудаа хөгжүүлснээр ажлын байраа техник технологид алдахгүй байх орчин цагийн компаниудад үнэ цэнтэй ажилтан болох үндэс суурь нь бүрдэх юм. Товчхондоо дэлхий нийтийн хөдөлмөрийн зах зээлд өргөнөөр дэлгэрч байгаа шинэ тутам энэхүү үзэгдэлтэй хөл нийлүүлж, залуусаа урьдчилан бэлтгэхэд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага ийнхүү анхааран ажиллаж байна.