Хүүхдийн секторын харьяа “Солонго” 236 дугаар цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд “УБТЗ”-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, Төмөр зам дахь Цагдаагийн газрын Шуурхай албаны тасгийн дарга н.Төмөрбаатар, Хүүхдийн секторын эрүүл ахуйч В.Дагиймаа нарын хүндэт зочид оролцож, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үеэр Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд баяр хүргэж, үг хэлэхдээ

-Юуны өмнө энхрий бяцхан үрс, аав ээж, эмээ өвөө нар болон цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Цэцэрлэгийн буюу 2-5 насыг аливаа хүний бие, хэл, сэтгэлийн суурь тавигддаг үе гэж үздэг. Тиймээс, энэ насанд нь гэр бүл, эцэг эхээс дутуугүй чухал үүрэг оролцоотой газар бол цэцэрлэг юм. Замын захиргаа ч энэ талд онцгой анхаарч, улсаас явуулж буй хүүхдийн бодлогыг “УБТЗ”-ын хүүхдийн бодлогод хэрхэн тусгах вэ гэдэгт үйл ажиллагаагаа чиглүүлэн,  төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.

 

   Замын захиргаанаас Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжихийн зэрэгцээ цаашдын ажилд нь урам нэмж цэцэрлэг тус бүрт нэг сая төгрөг олгохоор болжээ. Энэхүү батламжийг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд “Солонго” цэцэрлэгийн хамт олонд гардуулав. Мөн Замын захиргаанаас хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх зуун тоглоомыг цэцэрлэгүүдэд  бэлэглэж байгаагийн дээжийг тус цэцэрлэгийн багачууддаа өргөн барилаа. Нээлтийн үеэр Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “УБТЗ ХНН-ийн шугам зам дагуу 27 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр цэцэрлэгт төмөр замчид, өндөр настны болон харьяа дүүрэг, орон нутгийн нийт 4460 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Бид энэ хичээлийн жилд 1039 хүүхдийг ЕБС-д дэвшин суралцууллаа. Хичээлийн шинэ жилд  цэцэрлэгүүдэд 1000 гаруй хүүхэд шинээр элсээд байна. Хүүхдийн секторын хэмжээнд энэ хичээлийн жилд “Хүүхэд бүр инээж байг” уриа дэвшүүлэн ажиллаж байгаа. Манай хамт олон ирээдүйн бие хүнийг бэлтгэхэд өндөр хариуцлагатайгаар хичээж ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд “Солонго” цэцэрлэгийн авьяаслаг бяцхан хүүхдүүд дуу хуурын дээжээ өргөн барьсны зэрэгцээ хайртай үлгэрийн баатруудтайгаа хамтран бүжин, наадлаа. Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрт хүүхдийн инээд цангинан, биесээ санасан багш шавийн нүүрэнд баярын мишээл тодорч, мөнгөн хонхны дуунаар хичээлийн шинэ жил нээгдлээ.

 

Б.Золжаргал