ОХУ-ын Эрхүү хотод Зүүн Сибир болон Монголын Улсын Дархан хотын Хүүхдийн төмөр замын мэргэжилтнүүдийн олон улсын уулзалт боллоо. Гурван өдрийн турш багш, сурган хүмүүжүүлэгчид төмөр замын салбарт сурагчдыг бэлтгэх арга туршлагаа харилцан солилцов.
Өнгөрөгч зургадугаар сарын 30-нд болсон цахим уулзалтаар урьдчилан тохиролцсоноор биелэлээ олсон энэ уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг УБТЗ-ын Хүний нөөцийн албаны орлогч дарга Б.Энхболд болон Дархан хотын Хүүхдийн төмөр замын дарга Д. Батмөнх нар ахалж явжээ. Хүүхдийн төмөр замын үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцох нь маш чухлыг Зүүн Сибирийн төмөр замын Хүний нөөцийн удирдлагын албаны дарга Оксана Володина онцолжээ. Залуу үеийн мэргэжлийн хөгжлийг дэмжих нь Орос Монголын төмөр замчдын өмнө тавигдсан нийтлэг зорилт бөгөөд хоёр улсын хүүхдийн төмөр замын хамтын ажиллагааны иж бүрэн хөтөлбөрийг анх удаа боловсруулсан нь ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм.
Оксана Володина Эрхүү болон Дарханы хүүхдийн төмөр замын хамтын ажиллагааны энэхүү формат нь шилдэг туршлагыг нэгтгэж, найрсаг харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зүүн Сибирийн хүүхдийн төмөр замын дарга Алексей Шабановын мэдээлснээр, Монголын төлөөлөгчдөд зориулсан айлчлалын хөтөлбөрт Зүүн полигон дахь Тээврийн удирдлагын төвөөр аялах, Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургуулийн лекцийн танхим, сургалтын полигонтой танилцах, хүүхдийн төмөр зам болон “Кванториум РЖД” технопаркийн сургалтын үйл явцыг газар дээр нь үзүүлэх, мөн Байгал нуурын аялал багтжээ.
Саяхан Эрхүүгийн Хүүхдийн төмөр зам 86 жилийн ойгоо тэмдэглэсэн. Зөвхөн 2024-2025 оны хичээлийн жилд нийт 715 хүүхэд энд суралцсан ба тэднээс 87 нь өртөөний жижүүрийн гэрчилгээ, 77 нь зүтгүүр жолоодох эрхийн гэрчилгээ авчээ.
2026 оны дөрөвдүгээр сард таван жилийн ойгоо тэмдэглэх Монголын хүүхдийн төмөр зам энэ хичээлийн жилд 11-12 дугаар ангийн 67 сурагчтай, төгсөгчдийн олонх нь Монголын Төмөр замын их сургууль, Политехник коллежид элсэж үргэлжлүүлэн суралцдаг, мөн зарим нь ОХУ-ын Тээврийн их сургуулиудыг ч сонгодог тухай Дарханы хүүхдийн төмөр замын дарга Д. Батмөнх ярьсан байна.
Гудок сонин
Александр Богачёв

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.