УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Ган зам” 179 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг ЗТХЯ-ны дэргэд шинээр байгууллаа. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлтэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын удирдлагууд, УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, Их барилга хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай, Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Х.Тулга нарын албаны хүмүүс оролцлоо. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цэцэрлэгийн нээлтэд хэлсэн үгэндээ их хотын түгжрээнд хамгийн их тулгамддаг асуудал бол ажил тараад хүүхдээ цэцэрлэгээс авах явдал.Тиймээс тээврийн салбарынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийг шинээр байгуулах санаачилга гаргаснаа онцоллоо. Мөн түүнчлэн, “Цаашид Зам, тээврийн ажилтнууд төвлөрсөн хотхонд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус хотхоныг сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв гэхчлэнгээр цогц байдлаар нь шийдвэрлэх зорилт тавьсан” гэв.
Мөн энэ үеэр Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд УБТЗ ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчдынхаа хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг хангаад зогсохгүй зам, тээврийн салбарынхаа ажилтнуудын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор ЗТХЯ-ны Авто тээврийн Үндэсний төв байрлаж байсан байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн цэцэрлэгийг нээж байна. Энэхүү цэцэрлэгийг ашиглалтад оруулахад манай ажилтнууд маш шаргуу ажиллаж, тохижилт үйлчилгээг нь ердөө дөрвөн сарын хугацаанд бүрэн хийлээ” гэв.
Тус цэцэрлэг нь хүүхдийн сурч хөгжих орчныг сургуулийн өмнөх боловсролын МNS 6558 стандартад нийцүүлж, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлсэн бөгөөд тус цэцэрлэгийн засвар тохижилт, тоглоом наадгай, тоног төхөөрөмжид УБТЗ ХНН-ээс нийтд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна