Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаснаар нийслэл хотын утаа мэдэгдэхүйц багассан гэж үзэж байна. Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа хагас коксжсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ 95 галт тэрэг буюу 4620 вагон 219 мянган тонн хөх нүүрсийг тээвэрлэж иргэдийн хэрэгцээнд нийлүүлээд байна. Энэ өвөл нийтдээ БНХАУ-аас 306 мянган тонн хөх нүүрс импортоор авч тээвэрлэхээс 87 мянган тонныг тээвэрлэх үлдээд байна.
