Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь замыг ЗЗМС-ын хамт олон шинэ оны босгон дээр амжилттай тавьж дуусгасныг бид өмнө нь мэдээлсэн. Тус замын нээлтэд Замын ерөнхий инженер С.П.Старцев тэргүүтэй удирдлагууд оролцох үеэрээ нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшуулжээ. Үүнд, “Төмөр замчны алдар” тэмдгээр ВПО-3 3000 машины инженер М.Баттөмөр, Салхитын үе угсрах баазын мастер Х.Мөнхцэцэг, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр хоппер дизатор вагоны механикч Н.Хүрэлбат, Г.Отгонбаяр, Салхитын үе угсрах баазын PG машины операторч Д.Амгалан нарыг, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Их засварын цехийн мастер Ч.Баярхүү, замчин А.Бямбадорж нарыг тус тус шагналаа. Энэ үеэр “Төмөр замчны алдар” тэмдгээр энгэрээ мялаалгасан ВПО-3 машины инженер М.Баттөмөр “Д.Батбаатар даргатай ЗЗМС-ын хамт олон болон  н.Батчулуун мастертай мехник цехийн хамт олон, мэргэжил нэгт нөхөд, цувааны даргадаа халуун талархал илэрхийлье. Би 1990 оноос хойш энэ хамт олныхоо дунд ээнэгшин дасаж, зуны халуун, өвлийн хүйтнийг хамтдаа туулж яваа хүн. Энэ сайхан өдөр “Төмөр замчны алдар” хэмээх өндөр нэр хүндтэй шагналыг гардан авсандаа үнэхээр их баяртай байна.  Ээж аав маань  УБТЗ-д насаараа ажилласан. Энэ ч утгаараа удам залгасан мэргэжлээрээ маш их бахархаж байна. Хамгийн түрүүнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт суугаа ээждээ хандаж, “Та минь урт удаан наслаарай. Таны таван хүү чинь эзэмшсэн мэргэжлийнхээ нэрийг өндөрт өргөж яваа шүү” гэж хэлье” хэмээлээ.