УБТЗ-ын Ахмадын холбоо өнгөрсөн онд цахилгаан хөгжмийн “Хос уянга” хамтлагийг байгуулсан билээ. Тус хамтлагийн уран бүтээлч ахмадууд шугам замын төмөр замчид, ахмадуудад тоглолтоо толилуулж эхлээд байгаа юм. Өнгөрсөн сард Замын захиргаа, Залуучуудын зөвлөл, Ахмадын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гурван үеийн уулзалтаар Багануур зангилаа, Баянтүмэн тасаг, Эрээнцав өртөөнд тоглосон бол энэ сарын 11-нд Эрдэнэт зангилаанд очиж тоглолт хийлээ. Тоглолтыг Ахмадын холбооны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун нээж хэлсэн үгэндээ “УБТЗ-ын Ахмадын холбоо 8000 орчим ахмадыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага. Төмөр зам ахмадуудаа маш сайн харж үздэг. Жил бүр мөнгө төсөвлөж, хөдөлгөөн эрүүл мэндэд нь анхаарч, урлаг соёлын үйл ажиллагааг нь дэмждэг. Бид цаашид бүх зангилаанд очиж тоглолтоо хийнэ. Энэ удаад Эрдэнэт зангилааны ахмадууд, төмөр замчид, Эрдэнэт хотын Ахмадын холбооны ахмадуудад толилуулж байна. Цахилгаан хөгжмийн амьд тоглолт, дуу хуур, бүжиг наадам дунд та бүхний сэтгэл сэргэж, нас залуужна гэдэгт итгэлтэй байна” гэв. Ийнхүү ахмадууд дуулж, бүжиглэн тоглолтоо толилуулж, дараа нь цэнгээнт бүжиг зохион байгуулан Эрдэнэтийн ахмадууд нэгэн өдрийг дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөсөн юм. Түүнчлэн, энэ сарын 19-нд Замын II ангийн удирдлага, ҮЭ-ийн хороо, Толгойт өртөөтэй хамтран Давааны зөрлөгөөс Шатан хүртэлх ахмадууд, замчдыг Мандал өртөөний улаан буланд цуглуулан тоглолт хийсэн байна. Үүний зэрэгцээ Замын-Үүд зангилааны Ахмадын хорооны уран бүтээлчид Сайншанд хүртэлх өртөө, зөрлөгүүдэд тоглолт хийгээд явж байгаа аж.