УБТЗ-ын ууган байгууллагуудын нэг болох Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогоор зочилж, Хос дугуйн засварын цехийн үйл ажиллагаатай танилцлаа.
Вагонд хос дугуй, тэргэнцрийн нумын дээд дамнуурын хажуу аралтай харьцдаг хэсгүүд, хажуу арлын хос дугуйн гүүшинтэй харьцах хэсгүүд гээд бүгд элэгдэж, ан цав үүсэж, гэмтдэг байна. Мөн тэргэнцэр дээр ирж байгаа вагоны ачааллыг дамжуулдаг өсгий, өсгийвч, вагонуудыг холбодог ниших татах төхөөрөмж, авто угсраа, түүний механизмууд, тэргэнцрийн хэлбэлзэл, шингээгчүүд элэгддэг. Эдгээрийг депо болон завод засварын үед оношилж засах, шинээр солих аргаар норм хэмжээнд нь оруулах ажлын нэг нь хос дугуйн засвар юм.
“Хос дугуйн угсралт, их засвар хийх цех”-ийг 2021 онд байгуулснаар энд зөвхөн УБТЗ-ын ачааны болон зорчигчийн вагоноос гадна илчит тэрэгний дугуйны засварыг хийхийн зэрэгцээ төмөр замын тээвэрт оролцож байгаа бусад хэвшлийн бүх аж ахуйн нэгжийн вагоны дугуйг ч энд засварлаж байна. Өнгөрсөн онд ачааны 10445 хос дугуй, зорчигчийн вагоны 128 хос дугуйг угсарч их засвар хийсний зэрэгцээ 24 зүтгүүрийн дугуй засжээ.
Хос дугуйн цехийн зааварлагч Я.Гантөмөр:
Би 2005 онд Төмөр замын дээд сургуулийг вагоны инженерээр төгссөн. Энд 21 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн арав гаруй жил хос дугуйн зааварлагчаар ажиллаж байна. Энэ нь хос дугуйны засварын бүрэн магадлагааг хариуцдаг гэсэн үг. Бүрэн магадлагаа гэдэг маань бүрэн задлагдаж, бүрэн засвар хийгээд, хэрэв гэмтэлтэй дугуй гарвал тухайн дугуйны гэмтэлтэй царигийг солихыг хэлж байгаа юм. Бид энэ ажилдаа таван жилийн баталгаа өгдөг. Зорчигчийн вагоны дугуй засварт мөн дөрвөн жилийн баталгаа өгдөг.
Хос дугуй засварлах цехийн мастер Ц.Баярхүү:
Манай Хос дугуйн засварлах цех 45 хүнтэй. Хоёр ээлжээр ажилладаг. Нэг ээлжиндээ 10 вагоны 40 дугуй засварладаг. Бүрэн ба энгийн магадлагааны засвар хийдэг. Бүрэн магадлагааны засвар гэхээр хос дугуйн гүшинг задалж хийдэг. Энгийн магадлагаагаар бол хос дугуйг үзлэгийн тагаар нь онгойлгож хийдэг. Дугуйны элэгдлээс хамаарч дугуйн зоролт хийдэг. Засварт хэрэглэдэг гол түүхий эд юу байхав? Машинаар бол дугуйн шарик гэдэг манайд бол хос дугуйнд холхивчийг их засварладаг. Манайх мянганы хуваарьтай нарийн багажаар хэмждэг. Гол хяналтыг мастер, бригадын дарга, зааварлагч, хэмжилтийн техникч, техникийн тооцоологч, сэв шалгагч, оператор гэсэн шат дамжлагаар хийдэг.
Депод ажиллаж байгаа ахмад хүмүүсийн ихэнх нь Хос дугуйн засварын цехэд ажилладаг гэнэ. Хос дугуйн засварын ажилчдын дийлэнх хэсгийг 35-50 насныхан эзэлдэг байна. Тэр хэмжээгээр тус цехийн ажлын чанар, үр бүтээл өндөр, алдаа дутагдал бага гаргадаг ажээ. Цаашид мэргэжилтэй боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэхийн тулд шинэ залуу ажилтныг хичээл сургалтад хамруулж, туршлагатай хүнтэй багш шавийн барилдлага тогтоож, үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг уламжлал тогтоожээ. Үүний үр дүн ч гарч байгаа ажээ.
Үл эвдэх сорилын оператор Ж.Отгонтөгс:
Би анх багш шавийн барилдлагаар гурван сарын хугацаатай дагалдан хийж байгаад 2018 оноос бие дааж ажиллаж эхэлсэн. Би энэ мэргэжлээрээ зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хос дугуй бол вагоны явах гол тулгуур эд анги юм. Хос дугуй нь маш их металл орцтой, нарийн хэмжилт шаардсан хамгийн чухал эд анги байдаг.
Бидний ажил хоорондоо нарийн уялдаа холбоотой. Би ганцаараа энэ ажлыг хийвэл л боллоо, бусад нь надад хамаагүй гэх ойлголт байхгүй. Хүн болгон технологи дарааллынхаа дагуу өөр өөрсдийнхөө ажлыг хариуцлагатай хийснээр ажлын маань үр дүн сайн гарах учраас нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг. Ингэж хамтран ажилласнаар цаг хугацаа өнгөрөх тусам хамт олонтойгоо ах дүү, хамаатан садан шиг ойртон нягтарч, ойлголцдог юм байна. Үүний үр дүнд таван жилийн баталгаа гаргахуйц чанартай бүтээл гаргадаг гэж би боддог.Үүнийг шинэ залуу ажилчдадаа ойлгуулж, үлгэр дууриалал болж ажиллахыг зорьдог.
Би өрх толгойлсон эмэгтэй. Намайг дэмжиж ипотекийн зээлээр баригдаж байгаа орон сууцанд хамруулсанд баяртай байгаа. Манай байгууллагаас дөрвөн хүн энэ орон сууцанд орохоор болсонд баяртай байна.
Зүүнхараа зангилааны удирдлагууд төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн санаачилга, нөөц бололцоо, Замын удирдлага, орон нутгийн захиргааны дэмжлэгээр өнгөрсөн хавар 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бол яг нэг жилийн дараа буюу биднийг тэнд ажиллаж байх үед дараагийн 40 айлын орон сууцаа хүлээн авахад бэлэн болоод байв.
Ажиллахад урамтай, амьдрахад таатай байвал хаана ч хүмүүс үр бүтээлтэй сайн ажилладагийн жишээг Зүүнхараачууд харуулж байна.
Г.Энхбаатар
