Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан УБТЗ-ын Ахмадын холбооны дарга Ю.Идэрчулуунаас дараах асуудлыг тодрууллаа.
-УБТЗ-аас гавьяаны амралтаа авсан хэчнээн өндөр настан байна вэ. Хамгийн өндөр настай ахмад хэд хүрч байна?
-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төмөр замаас тэтгэвэртээ гарсан 8199 ахмад байна. Манай ахмадуудын хамгийн өндөр настай Ш.Цээрэв гуай энэ жил 104 . ЗЗМС-д ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж байна. Мөн 100 настай нэг ахмад бий. 100 гарч насалсан хоёр ч буурай энэ онд бурхан боллоо.
-Сар шинийг тохиолдуулан ахмадууддаа зориулан ямар ажил хийж байна вэ?
-Ахмадын холбоо жил бүрийн цагаан сар болон ахмадын баярын өдрөөр ахмадууддаа ажилласан жилээс нь шалтгаалан 50-74 мянган төгрөгийн тэтгэмж олгодог нь уламжлал болжээ. “Төмөр замчны алдар” тэмдэгтэй ахмадуудад нэмж 90 мянган төгрөг өгдөг. Замын даргын шийдвэрээр 80-аас дээш настанд 30 мянга, 85-аас дээш настанд 50 мянган төгрөгийн урамшууллыг нэмж олгодог юм.
- Танайх ахмадуудынхаа нийгмийн халамжийн бодлогод хэр анхаарч ажилладаг вэ?
- Миний бие 2022 оны дөрөвдүгээр сард ажлаа хүлээж авсан даруйдаа гавьяаны амралтаа эдэлсэн ахмадуудынхаа ажиллаж байсан байгууллага албан газрын Ахмадын хороо, зөвлөлтэй нь хамтарч ажиллахаар шийдсэн. Ингэснээр ахмадын холбоо нэрийн дор нэг байшинд төвлөрөх бус хүндээ чиглэсэн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах боломжтой гэж харсан нь оновчтой шийдэл болсон. Тухайн ахмадын ажиллаж хөдөлмөрлөж байсан байгууллага нь гавьяаны амралтаа эдэлж байгаа өндөр настнууддаа чиглэсэн бодлого үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Ахмадын холбоо ч хороо зөвлөлтэйгөө хамтарч зөвшилцөж ажлаа явуулдаг болсон. Шагнал урамшууллын тал дээр ч анхан шатны хороо, зөвлөл нь тухайн ахмадаа мэдэж байгаагийн хувьд тодорхойлж, олноороо хуралдан зөвшилцөж тодорхойлдог боллоо. Хоёрдугаарт, хороо зөвлөлийн ажлыг дүгнэдэг 20-30 ажил хийдэг байсныг календарьчилсан төлөвлөгөөнд оруулж, тухай бүрд нь ил тод дүгнэдэг болсон.
Мөн “Булагтай” сувилал манай харьяанд байхад концессийн гэрээгээр 300 сая төгрөгийн өргөтгөл засвар хийсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон бүжгийн заалаа шинэчлэн өргөтгөж тохижуулсан. Дотроо боловсон нойлтой, VIP найман өрөөтэй болгосон гэхчлэн ахмадуудын ая тухтай амарч сувилуулах боломжийг нэмэгдүүлсэн.
-Ахмадуудад зориулсан өөр хөнгөлөлт урамшуулал бий юу?
-Манайх 38 хороо, зөвлөлтэй. Ахмадын холбоо маань Замын захиргаатай хамтарч төсвөө батлуулан хамтарч ажиллах гэрээ байгуулдаг. Тэр дагуу төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж байна. Бид жил бүр ахмадууддаа зориулан түлээ нүүрсний хангалт болон зорилтот бүлгийн ахмадууддаа мөнгөн тэтгэмж олгодог. Шугам замд аялахад төлбөрийг нь даах, амралт сувилалд хамрагдахад 30-40 хувийг нь буцаан олгодог. Ахмадуудаа алдаршуулах ажлыг тогтмол хийдэг.