Брянск мужийн Выгоничи-Пилшино хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхэд төмөр замчдад хоног хүртэхгүй хугацаа шаардагдсан ч тэд хугацаандаа дуусгасан байна. Учир нь өнгөрсөн сарын 31-ний орой гүүр нурсны улмаас Климов-Москва чиглэлийн 86 дугаар зорчигчийн галт тэргэнд аюул учирчээ. Москвагийн Онцгой байдлын газрын дэд дарга Андрей Ложков “Ослын газарт мэргэжилтнүүд хүрч очиход галт тэрэгний зүтгүүр автозамын гүүрний завсарт хавчуулагдан, зорчигчийн вагон зүтгүүрийн дээгүүр барилгын дээд талд байрласан байсныг илрүүлжээ. Тухайн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс хүнд осол хэмээн үнэлжээ. Орон нутгийн удирдлагатай хамтран аюулаас аврах ажиллагааг чадварлаг зохион байгуулж, шуурхай ажилласан” гэжээ. Шуурхай штабыг "Оросын төмөр зам" НХН-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга Олег Белозеров ахалсан аж. Нурсан гүүрэн гарцыг сэргээн засварлах ажлын явцыг Москвагийн төмөр замын дарга Павел Иванов удирдан явуулжээ.
Яаралтай Брянск-Льговский, Сухиничи, Тула өртөөнөөс гурван сэргээн босгох галт тэрэг ослын газарт ирж, мөн өглөөний 7.50 цагт Беларусийн төмөр замын хамт олны тусламж Гомелийн өртөөнөөс иржээ. Энэ үед төмөр замчид бүтэн үлдсэн найман вагоныг тус хэсгээс аль хэдийн гаргасан байв.
Гэмтсэн гүүрийг засаж янзлахын тулд бүтэн нураахаар болж дэлбэлсэн байна. Дэлбэлэхийн өмнө эвдэрсэн хөдлөх бүрэлдэхүүн болох зүтгүүр, гурван вагоныг гарган авсан байна. Үүний дараа гидравлик алх, хайчаар том хэсгүүдийг буталсан кранаар төмөр замын гадна талд зөөвөрлөсөн аж. Хог хаягдлыг цэвэрлэх ажиллагаанд нийт есөн техник хэрэгсэл, 200 орчим төмөр замчин, бусад аврах албаныхан оролцсон ажээ. Дэд бүтцийг цэвэрлэж сэргээн, маршрутыг шалгасны дараа зургадугаар сарын 1-ний 21:52 цагт тус хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна. Хот хоорондын анхны 6302 дугаартай Унеча-Брянск галт тэрэг зургадугаар сарын 2-ны 6:10 цагт, Москва-Климов чиглэлийн 85 дугаар зорчигчийн галт тэрэг 20 минутын дараа өнгөрчээ. Онцгой байдлын үр дагаврыг арилгах ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгасан аж.
Шуурхай штабын хурал дээр Олег Белозеров Выгоничи-Пилшино хэсгийн хөдөлгөөнийг сэргээхэд оролцсон Москвагийн төмөр замын ажилчдын нэгдсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлэн "Хүнд хэцүү нөхцөл тулгарсан ч манай төмөр замчид чин сэтгэлээсээ ажиллаж, мэргэжлийн болон хүнлэг чанараа харуулж, мөр зэрэгцэн ажиллаж, даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” хэмээн онцолж, сэргээн босголтын ажилд амжилт гаргасан ажилчдыг урамшуулах саналыг гаргажээ.
