Нүүр УБТЗ ХНН Хорин жилийн ойн нэрэмжит галт тэрэг аялав
УБТЗ ХНН

Хорин жилийн ойн нэрэмжит галт тэрэг аялав

G.Press 1 жилийн өмнө 133 үзэлт 0 сэтгэгдэл

 

Энэ онд УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны түүхт 20 жилийн ой тохиож байна. Тус албаныхан өнгөрсөн Лхагва гарагт ойн нэрэмжит галт тэргийг Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлд аялууллаа. Ойн нэрэмжит галт тэргийг Улаанбаатар өртөөнөөс үдэн гаргах ёслолын үеэр тус албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Л.Болд хамт олноо төлөөлөн 3411 дүгээр галт тэрэгний машинч Н.Батцогт болон уг галт тэргийг үзлэгт бэлтгэсэн Улаанбаатар ТҮГ-ын дарга Б.Бат-Орших нарт вагон үзэгчийн хөдөлмөрийн гол багаж болох ган алхыг дурсгалаа.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад гол үүрэгтэй тус алба нь Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо болон Вагон ашиглалтын депод гэсэн үндсэн хоёр салбар нэгжтэй.

Уг албаны харьяа Вагон ашиглалтын депогийн хамт олон өнгөрсөн 20 жилийн хугацаанд 49 958 557 вагонд үзлэг хийсний 6 126 021 вагонд ачилтын үзлэг хийжээ.  Харин Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод сүүлийн 20 жилд ачааны 35050 вагонд дунд, 2810 вагон их засвар хийж, хувийн хэвшлийн 8233 вагод хугацаат засвар хийж, нийт ачааны 46093 вагоны хугацаат засварыг гүйцэтгэн тээвэрлэлтэд нийлүүлсэн байна.

Ташрамд дурдахад, УБТЗ үүсэн байгуулагдахад л вагончид ГТХАБ-ыг хангах үйлсэд хүчин зүтгэж ирснийг дурдах нь зүйтэй. УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний албаны харьяа Вагоны хэлтэс 1955 онд байгуулагдажээ. Улмаар 1979 онд бие даасан баланстай хэлтэс болж, 1981 онд бие даасан алба байгуулагдсан байв. Харин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ачаа тээврийн албыг 1995 онд эмхлэн байгуулахад вагончид бүрэлдэхүүнд нь багтаж, 2005 онд өрх тусгаарлан Вагоны аж ахуйн алба дахин байгуулагдсан түүхтэй аж. Өдгөө тээврийн тасралтгүй хэвийн ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйлсэд 1000 гаруй вагончин хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.