“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өртөөний шилжүүлэн ачих терминаль нь Тавантолгойн бүлэг ордоос ачсан экспортын нүүрс, биржээр арилжсан нүүрс, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Чайна энержи” компанитай байгуулсан урт хугацааны нүүрсийг тус тус төмөр замаар тээвэрлэн ирдэг. Ингээд Гашуунсухайт шилжүүлэн ачих терминаль дээрээ автомашин руу шилжүүлэн ачиж, экспортын тээврийг зохион байгуулдаг гол эцсийн тээврийн цэг юм. Тус терминаль нь жилдээ 12.4 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай.
“Монголын төмөр зам” ТӨХК холимог тээврийн ажиллагааг 2025 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн жил “Чайна энержи” компанитай байгуулсан урт хугацааны гэрээний 3.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ жил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 9.6 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ оны эхнээс 1.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Хоногтоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 8-9 хос галт тэрэг аялуулж, 28-30 мянган тонн ачааг татан экспортын тээврийг зохион байгуулж байна.
“Шилжүүлэн ачих терминалд гаалийн хяналтын бүс 81 га талбайг хамардаг, 24 цагаар ажилладаг. Төмөр замчид өдөр, шөнийн ээлжээр 24 цагаар ажилладаг. Шөнийн ээлжийн үеэр хилийн гарц хаалттай үед хойноос ирж байгаа галт тэргээ татан авах, автомашиндаа ачаагаа ачиж бэлтгэх, бүрдүүлэлтээ хийж бэлтгэх ажлыг тасралтгүй зохион байгуулдаг” гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга Д.Анхбаяр хэллээ.
