Хэдэн жил хээрийн салхинаас өөр эзэнгүй байсан Хөлийн голын ногоон дэнжид өнгөрсөн Баасан гарагт улаан халзтай өргөө гэрүүд, эрээн асрууд ар араасаа эгнэн босож, машин тэрэг, хүн зон хөлхөлдөж, хэдхэн цагийн дотор наадмын наадмын талбай сүндэрлэлээ.  Ийнхүү Төмөр замчдын мэргэжлийн баяр уламжлал ёсоор энэ сарын 4-5-нд Хөлийн голын ногоон дэнжид өргөн дэлгэр болов. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гурван жил завсарласан мэргэжлийн баяраа төмөр замчид энэ жил хоног тоолон хүлээсэн нь лавтай

Баярын өмнөх өдөр  төмөр замчид баярын бэлтгэлээ базааж, хамаг ажил цэгцрэхтэй зэрэгцэн үдшийн бүрий бууж, баярын талбайн өмнө зассан тайзны гэрэл асаж хөгжим хангинан урлагийн одод ая дуугаа өргөн төмөр замчдын сэтгэлийг доргион задгай талбайн тоглолт эхэллээ.Энэ жилийн баярт “Харанга” хамтлагаас эхлээд МУГЖ дуучин С.Наран, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Ука, Серёжа, Наагий, Quiza зэрэг олны хүсэн хүлээдэг урлагийн одод чуулж, төмөр замчидтай хамт дуулж бүжин нэгэн үдшийг донсолгож, түмэн одод чуулсан шөнийн тэнгэрт гэрэлт ёслолын буудлага “бадарч” ёстой л нэг хурсан олны сэтгэлийн утсыг “дон” хийлгэв.

     Баярын өдөр. О8 дугаар сарын 05  буюу Бямба гарагийн өглөө урд шөнийн орсон бороо арилсан хэдий ч тэнгэр бүрхэг байснаа баярын нээлтийн өмнөхөн тэнгэр үүлэн хөшгөө татаж, хурсан олны сэтгэлийг цэлмээлээ.

Манай улсын төмөр замын салбарын хөгжил эрчимжиж, шинэ төмөр замууд байгуулагдан, төмөр замчдын эгнээ улам өргөжин тэлж буй тул мэргэжлийн баяр жилээс жилд өргөн дэлгэр болох болжээ.

Өнөө жилийн баярыг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” үүсэн байгуулагдсаны 74, Монгол улсад төрийн өмчит анхны компани болон “МТЗ” ТӨХК болон хувийн хэвшлийн төмөр зам түүчээлэн орж ирсэн “БТЕГ” ХХК байгуулагдсаны 15 жилийн ой, Монгол Улсын отгон төмөр замуудын нэг болох Тавантолгой төмөр зам гээд олон төмөр зам байгуулагдсаны таван жилийн ой тохиож буйг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидний баяр наадмаа тэмдэглэж байгаа Хөлийн голын зүүхэн талд одоогоос 85 жилийн тэртээ Улаанбаатар-Налайх хооронд анхны нарийн царигтай 43 км төмөр зам баригдаж, Монгол Улсад төмөр замын салбар үүсэн хөгжих сайхан эхлэл тавигдаж байжээ. Түүнээс хойш 11 жилийн дараа “УБТЗ” ХНН байгуулагдаж, Наушка-Сүхбаатар-Улаанбаатар хоорондын 400 гаруй км төмөр зам ашиглалтад орж, улмаар 1956 оны нэгдүгээр сарын эхээр Замын-ҮүдийгБНХАУ-ын Эрээн хоттой төмөр замаар холбосноор Монгол Улсаар дамжин өнгөрдөг транзит буюу улсын хөгжлийн түүчээ болсон “УБТЗ” улам өргөжиж тэлсэн сайхан түүхтэй. Энэ үйл ажиллагаа өргөжсөөр 2008 онд саяын миний хэлсэн “МТЗ” ТӨХК, “БТЕГ” ХХК гээд олон компаниуд бий болж улмаар цаашдаа 2019 оны хавар говийн бүсийн төмөр зам буюу Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам шаваа тавьж, үйл ажиллагаагаа эхэлж, тухайн үедээ тэр хэсэгт Зүүнбаянгаас гараад Тавантолгой чиглэлд явахад зарим үед төмөр замаа барьж байгаа кемпүүдээ хайдаг. Хайгаад олохгүй үедээ орой бүрий болохыг хүлээж гэрэл гэгээ харж очдог үе саяхан. Гэтэл одоо Монгол Улсад төмөр замын салбар үүссэн 85 жилийн босгон дээр Монголын төмөр замчдын гараар бүтсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг улсын комисст амжилттай хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан том амжилтаар ойн баяраа угтлаа. Тийм учраас энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх төмөр замчид, цэргийн байгууллагууд, авто замчдадаа өнөөдөр энэ хүндэт индэр дээрээс халуун баяр хүргэж дараа дараагийн бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсье.

Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын дараа дараагийн ажлууд ээлж дараагаа хүлээж байна. Өдгөө Монгол Улсын төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгасан баруун босоо чиглэлийн төмөр зам, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийн ажлууд дуусаж, барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо. Төмөр замчдын баярын дараа зүүн босоо чиглэлийн төмөр зам буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажил эхлэх гэж байгааг дуулгахад таатай байна.

Үүний дараагаар говийн бүсийн төмөр замын хэвтээ тэнхлэг буюу Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын ОУ-ын концессын тендер зарлагдаж гүйцэтгэгчээ тодруулах цаг айсуй байна. Өнөөдөр энэ хүндэт индрээс харахад өнгөрсөн 85 жилийн хугацаанд Монголын төмөр замын салбар үнэхээр өргөжин хөгжиж байна. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэнтээ “Төмөр зам гэдэг Монгол Улсын хөгжлийн төмөр судас юм” хэмээн хэлсэн байдаг. Тийм учраас нийт төмөр замчид та бүхэндээ Монгол Улсын эдийн засгийн түүчээ болж ирээдүйд Монгол Улсынхаа хөгжлийн ган судсыг тэжээхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь мадаггүй. Төмөр замчид та бүхэнд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Үүний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот төрийн далбааг наадмын тэнгэрт мандуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү хүндтэй ёслолд Зорчигч тээврийн албаны вагон хүлээн авах инженер,  Монгол Улсын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах дархан мэргэн Б.Шинэнбаяр, Сайншанд ТҮГ-ын шурган үзэгч, спортын мастерБ.Батсайхан, Зорчигчийн вагон депогийн Ахмадын зөвлөлийн дарга,“Хүндэт төмөр замчин”Ш.Бандьсүрэн нар оролцлоо.

 

Мөн Төмөр замчдын баярын индрээс“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн төмөр замчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Төмөр зам хэмээх их айлын тулгын чулууг тавьж, галыг асаасан ахмад үеийнхэн, тэдний залгамж халаа болсон төмөр замчид бид жил бүрийн нар хур тэгширсэн налгар сайхан наймдугаар сард мэргэжлийн баяраа хамтдаа тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Тэртээх 1954 оны долдугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар төмөр замчдын баярын өдрийг жил бүрийн наймдугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосноос хойш төмөр замчид мэргэжлийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн.

Мэргэжлийн баяраа бид жил бүр бахдам амжилтаар угтдаг сайхан уламжлалтай. 2023 онд бидний хувьд шинэ сэргэлтийн жил болж байна. Энэ жил бид тээврийн хэмжээгээ нэмэгдүүлж, манай төмөр замчид өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, оны эхний зургаан сарын байдлаар 15.9 сая гаруй тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өссөн дүнтэй байна. Энэхүү амжилт нь 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа оны эцэст ахиулж, шинэ дээд амжилт тогтоох боломж байгааг бидэнд харуулж байна.

Мөн 2023 онд бид галт тэрэг солилцоогоо нэмэгдүүлж ачаа тээврийн тарифаа шинэчлэн индексжүүлж, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, мөн олон түүхэн дээд амжилтуудаа ахиулснаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. Улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж буй өнөө цагт “УБТЗ”-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, Монгол Улсын нийгэм эдийн засагт урьдын адил чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээлээ.

Түүний дараагаар төмөр замчдын мэргэжлийн баярт ая дууны түрлэг өргөхөөр ирсэн урлаг соёлын оддын тоглолтоор үргэлжиллээ. Эл өдөр Ардын жүжигчин дуучин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Чингис хааны одонт Г.Ариунбаатар,  СТА Л.Нарангэрэл нарын уран бүтээлчид, Төмөр дуу бүжгийн чуулга болон Цагаан лавай чуулгын уран бүтээлчдийн тоглолт наадамчин олны нүд, сэтгэлийг баясгалаа. Мөн морьтон баатруудын үзүүлбэр хурсан олонд ихэд таашаагдав.

Баяр наадмын талбайд шагайн харваа, үндэсний сурын харвааны тэмцээн уралдаан явагдаж, ялагчдаа тодрууллаа. Энэ үеэр шагайн асар, сурын харвааны талбайд наадмын хүндэт зочид очиж, сум тавьж нум эвшээлгэв. “УБТЗ”-ын дарга Х.Хэрлэнгийн тавьсан сум шагайн харвааны шар зурхайд байндаа туссан нь төмөр замчдыын ажил үйлс амжилт ололтоор дүүрэн байхын бэлгэдэл хэмээн наадамчин олон ихэд бэлгэшээв.

Энэ жилийн төмөр замчдын наадамд хүчит 64 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдаж, бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлэв. Энэ жилийн наадамд 20 гаруй төмөр замчин бөх аварга, арслан заануудтай хүчийг үзэн барилдсан билээ. Шөвгийн дөрөвт Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Орхонбаяр, ..... нар үлдсэн билээ. Наадмын түрүүг булаалдах барилдаанд Даян аварга, залуу арслан нар хүчийг үзэн барилдаж, Улсын арслан Б.Орхонбаяр түрүү бөхөөр тодорч, Даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.

 

Төмөр замын баярын талаарх зарим төмөр замчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон:

 

   -Төмөр замынхаа баяр дээр ирээд сэтгэгдэл маш өндөр байна. Манай ахмадуудын гранд гольфын багийнхан баярын талбайд үзүүлэх тоглолт хийж, энэ спортыг сурталчилж байна. Төмөр замчид маань энэ спортоор өргөнөөр хичээллээсэй гэж би хүсдэг. Энэ спортоор хичээллэсний ашиг тус нь хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй. Бид тогтмол хичээллэснээр манай багийнхнаас корона өвчнөөр нэг ч хүн өвдөөгүй. Эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийснээрээ маш их хэрэгтэй спорт байгаа юм.

Энэ спортоор манай Чойр зангилааны ахмадууд нэлээд идэвхтэй хичээллэдэг.

Монголын Биеийн тамир спортын хорооны Мастеруудын дэргэд “Замчин” гэдэг салбар хороо байгуулсан. Мастеруудын холбоонд 6-8 төрлийн тэмцээн явагддаг.  Эдгээрээс гранд гольф, дартс, софт воллейболоор сүүлийн үед хүмүүс их хичээллэж байгаа. Манай ахмадуудын баг Азийн аварга шалгаруулах гранд гольфын тэмцээнд оролцон хүрэл медаль хүртсэн. Мөн Улаан-Үдэд болсон нөхөрсөг тэмцээнд манай зургаан тамирчин оролцож, зургаан медалийн дөрвийг нь авчирсан. Өнгөрсөн оны эцэст манай баг Мастеруудын холбооны “Алтан хараацай” хэмээх дээд шагналыг авсан шүү.

Энэ ташрамд, нийт төмөр замчдадаа мэргэжлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Замын II ангийн дарга Д.Алтангэрэл:

 

-Төмөр замчдынхаа баяраар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Баярлалаа. Миний хувьд төмөр замд 31 дэх жилдээ ажиллаж байна. Энэ баярт өдөр төр засгийн хайр хүндэтгэлийг хүлээсэндээ их баяртай байна.

Энэ завшааныг ашиглаад нийт төмөр замчдадаа баярын мэнд хүргэе. Жил жилийн төмөр замчдын баяр өргөн дэлгэр сайхан болдог. Энэ жил урьд жилүүдээс илүү өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай, баялаг хөтөлбөртэй сайхан болж байна.

 Байгаль дэлхий ч ивээж, нар хур тэгширч сайхан байна. Төмөр замчид маань ажиллаж ч чаддаг, баярлаж ч чаддаг сайхан хамт олон шүү дээ.

-Энэ жил танай ангийн хамт олон ямар амжилт ололтоор угтав?

-Манай ангийн хамт олон Улаанбаатар хот орчмын хөдөлгөөний өндөр нягтрал бүхий хэсэгт “УБТЗ”-ын хамгийн ангигүй том өртөөний галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладгаараа онцлогтой. Арвин туршлагатай, мэргэшсэн хамт олон шүү дээ, манайхан. Энэ жилийн хувьд анги маань бага радиустай хоёр тахирт бетон дэр тууш солих ажлыг зохион байгууллаа. Одоо гурав дахь тахиртаа энэ ажлыг хийнэ. Долоон км газарт баллас эрүүлжүүлэх ажлыг ЗЗМС-тай хамтран хийж гүйцэтгэлээ. ГТХАБ болон ХАБЭА, гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулж байна. Одоо наймдугаар сард биднийг том ажил хүлээж байгаа. Тэр бол Агуйт-Мааньт хоорондын замд хийгдэх их засварын ажил.

Улаанбаатар Татах хэсгийн Нарийн хэмжүүрийн цехийн мастер С.Одгэрэл:

    -Би төмөр замд 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн төмөр замчдын баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Ковидоос болоод төмөр замчид маань гурван жил баяраа тэмдэглээгүй. Тиймээс энэ жил бид бүгдээрээ баярын өдрөө хоног тоолон хүлээж байлаа. Манай цех 18 шижигнэсэн залуутай. Төмөр замчдын хувьд мэргэжлийн баяр гэдэг хамгийн бахархалт баяр нь. Өнөөдөр сэтгэгдэл өндөр, сайхан баярлаж байна. Энэ ташрамд, бүх зүтгүүрчдэдээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Энэ жилийн баярын юу нь танд илүү таалагдав?

-Төмөр замчдын баяр Хөлийн голынхоо тохойн ногоонд дэнжид илүү сайхан болдог шиг санагддаг. Хамгийн сүүлд 2019 онд баяраа Хүй долоон худагт хийсэн. Тэр жил тоос шороо ихтэй нэг л тухгүй, дасаж өгөхгүй байсан санагдана. Энэ жил Хөлийн голдоо ирсэн чинь сэтгэлд нэг л дотно сайхан байна. Баяр наадмын комиссынхон ч сайн зохион байгуулж байна. Үзэж харах зүйл ихтэй сайхан баяр болж байна даа.

 

     Төмөр замын баярын арын албаныхан

 

БЗАҮ-ний орлогч дарга Б.Нарантуяагаас арын албанд ажилладаг хамт олон талаар тодрууллаа.

 

-Танай ангийн хамт олон жил бүр баярын арын албанд ажилладаг. Баяр наадмын бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

-Баярын төлөвлөгөө гармагц манайх анги дотроо ажлын хуваарилалтаа хийдэг. Талбайнхаа зөвшөөрлийг аваад л цэвэрлэгээ, зүлэгжүүлэлт, усалгаа зэргийг баяр болохоос 10 хоногийн өмнө эхлүүлдэг. Энэ хооронд баярын асар майхны хуваарь, газар зохион байгуулалтын зураглал, бүдүүвчийг гаргаж батлуулах ажлыг гүйцэтгэнэ. Олон хүн цугладаг учраас наадмын талбайн орчны бохир ус, ариутгал халдваргүйтгэл, хог хаягдлыг татан зайлуулах төлөвлөгөөгөө гаргана. Энэ жилийн хувьд иж бүрэн тоноглосон боловсон ариун цэврийн байгууламж хоёрыг хийсэн. Энд манай ажилчид 16 өдөр уртасгасан цагаар ажилласан. Дотроо эрэгтэй, эмэгтэй душтэй, цэвэр бохир усны системийг шийдсэн хоёр байгууламжийг хийж байршуулсан.

Дээрээс нь,  40 ширхэг био 00 –ийн түрээсийн үйлчилгээ авсан.

Энд байгаа төв асар болон хөлийн цэцийн асар майхнууд, Замын дарга, зочид төлөөлөгчдийн гэрийг барих хураах ажлыг манайхан хийдэг. Мөн баярын талбайд баригдаж байгаа аж ахуйн нэгжүүдийг заасан цэгт нь буулгах, баярын талбайд цэвэр цэмцгэр байхад нь хяналт тавих гээд чимхлүүр ажлууд нэлээд бий. Энэ жилийн хувьд замын хотгор хонхорыг дүүргэж засахын тулд нийт 13 машин шороо авчирч асгаж тэгшилсэн. Орох гарах гарцын тэмдэглэгээ байршуулах, хүрээ хязгаарын шон суулгах, чимэглэлийг хийнэ. Тугны сууриудыг бэлтгэнэ.

Баярын өдөр талбайн цэвэрлэгээг хийнэ гээд их ажил бий. Жишээ нь, баярын өмнөх өдөр болон шоуны дараах хог хаягдлыг манай ажилчид 5-ны өглөө 05.00 цагаас эхлэн цэвэрлэж, баяр наадам хийхэд бэлэн болгосон. Яг өнөөдрийн байдлаар, манайхаас 92 хүн ажиллаж байна.

   -Баяр дууссаны дараа танайхны ажил хэдий хүртэл үргэлжилдэг вэ?

-Баяр дуусаад байгууллагууд, талбайгаа сайхан цэвэрлээд дүүрэгтээ хүлээлгэж өгнө. Ачаад аваачсан асар майхнаа хэрэв бороонд норсон бол хашаандаа аваачиж хатааж байж хураана. Байгууллагуудын баяр хоёр өдөр болоод дуусаж байхад манайхны хувьд хэзээ бүх зүйл цэгцрээд байр байрандаа орно тэр цагт л ажил дуусдаг. Ер нь, баярын бэлтгэлээс эхлээд манайхны ажил наагуур ярихад 21 хоног, цаашилбал сарын ажил болдог шүү.

Ер нь, төмөр замчдын баярын арын албанд ганц манайх ч биш эрчим хүчнийхэн, цэрэгжүүлсэн хамгаалахынхан, Замын II ангийнхан ажилладаг. Мөн баяр наадмын гол зохион байгуулах ажилд Замын даргын ажлын алба, Маркетингийн алба голлох үүрэгтэй оролцлоо. Баярын арын албаныхны ажлыг анзаарч сониноос хандаж байгаад баяртай байна. Манай ажилчид бол үнэхээр баярлах завгүй ажилладаг. Энэ баярын талбайд бүхнээс түрүүнд ирж, хамгийн сүүлд үлддэг. Энэ ташрамд хамт олондоо баярын мэнд хүргэж, та бүхний минь хичээл зүтгэлээр энэ баяр ийм сайхан болж, төмөр замчид маань сэтгэл тэнүүн баярладаг шүү гэж урмын үгээр урамшуулъя даа.

     -Уншигчдынхаа өмнөөс танай хамт олонд талархлаа илэрхийлье.

 

 

Б.Гүнжинлхам