Орон нутгийн төмөр замын шинэчлэлийн хүрээнд шинэ вагонууд худалдаж авахдаа ноцтой алдаа гаргасан Испани улсын зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит төмөр замын компанийн захирал нар албан тушаалаасаа огцорчээ. Гурван жилийн өмнө төрийн өмчит төмөр замын Renfe компани тус улсын умард бүсийн Астуриас, Кантабриа мужуудын зорчигч тээврийн системийг шинэчлэх төлөвлөгөөг зарлаж байв. Гэтэл энэ ажлын хүрээнд 258 сая еврогоор худалдаж авсан зорчигч тээврийн шинэ вагонуудын хэмжээ хэт өргөн байснаас дээрх хоёр мужийн нутагт оршдог зарим хонгилуудаар багтаж зорчих боломжгүй болсон нь дөнгөж өнгөрсөн сард илэрч байжээ. Энэ хариуцлагагүй алдаа нь Испанийн улс төрийн хүрээнд өргөн маргаан дэгдээж, нийгмийг бухимдуулсан дуулиан дэгдээгээд байна. Даваа гарагт Испани улсын зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Изабел Пардо де Вера, Renfe компанийн гүйцэтгэх захирал Исаяс Табоас нар албан тушаалаасаа огцорчээ. Испанийн эвслийн засгийн газрын ерөнхий сайд Педро Санчес алдааг засварлах бүх арга хэмжээг авсан ч төслийн үр дүнг харах хугацаа 2026 он хүртэл хойшлохоос өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн юм. “Би энэ хэргийн тухай мэдсэн цагаасаа хойш алдааг засварлах шийдэл олоход чадах бүхнээ хийлээ. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байна. Бид дотоод аудитын ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалтыг хурдасгах, шийдэл олох зорилготой ажлын хэсэг байгуулаад байна” гэж Испанийн зам тээврийн сайд Ракэл Санчес сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Тавдугаар сард болох орон нутгийн сонгууль, энэ оны сүүлээр болох парламентын сонгууль ойртсон хариуцлагатай цаг үед ийм дуулиан дэгдсэн нь социалистуудын тэргүүлдэг Испанийн эвслийн засгийн газарт том цохилт болж магадгүй байна. Гол сөрөг хүчин болох консерватив үзэл баримтлалтай Ардын Нам эрх баригчдын энэ алдааг өөрт ашигтай эргүүлэхээр оролдох нь тодорхой юм.

Эх сурвалж: The Guardian