Уул уурхайн үндэсний ассоциац, Монгол- Австралийн засгийн газар хамтран “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт, уулзалт болов.
Тус хөтөлбөрийг 2019 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уул уурхайн үндэсний ассоциацын хариуцлагатай уул уурхай хамтран Канадын уул уурхайн ассоциацын шалгуур үзүүлэлтэд үндэслэн боловсруулжээ. Ингэснээр уул уурхайн компаниуд тайлан мэдээгээ танилцуулсны дараа хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүд батлах аж.
Сургалтад хувийн болон иргэний нийгмийн байгууллагаас 60 хүн бүртгүүлжээ. Үүнээс шалгуур үзүүлэлтэд тэнцсэн 25 хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн сонгоно.
Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Престон

“Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хүрээнд хийж буй төсөл нь Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөр уул уурхайн салбарын үр өгөөжийг нэмэх, сайжруулах зорилготой.
Төслийн дунд хугацааны үнэлгээг хийх үед хууль тогтоомжийн сайжруулалт, уул уурхай дахь жендерийн эрх тэгш байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд зэрэг олон ажил амжилттай хэрэгжсэн байна” гэв.
Төслийн цаашдын зорилго нь олон нийтийн оролцоог нэмж, хяналт тавих, дотоодын уул уурхайн салбарт хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг дэмжих юм.
Монголын уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа

“Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажил хийсэн, компаниудын үйл ажиллагааг илүү дэмжсэн онцлогтой төсөл хэрэгжиж байна.Төслийн цаашдын хэрэгжүүлэх ажлын нэг бол Уул уурхайн үндэсний ассоциацын дэргэд Олон талт зөвлөл байгуулна. Уул уурхайн салбарын компаниуд тайлангаа хэрхэн мэдээлсэн, түүнд хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүд хэрхэн ажилласан бэ гэдэгт үнэлгээ өгч, олон нийтэд тайлагнана.
Хариуцлагатай уул уурхайн компани болон энэ салбар тогтвортой хөгжсөнөөр манай эдийн засаг ч хөгжинө. Мөн үнэлгээний мэргэжилтнүүд маань хараат бус, ёс зүйтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь олборлох салбарын хувьд маш чухал. Нийгэмд үүссэн уул уурхайн янз бүрийн буруу ойлголтуудыг засах боломжтой” гэв.
Эх сурвалж: gogo.mn
