Бодлогын хүүг өсгөх цикл эцэс болж байж магадгүй гэсэн дохио өгч, хувьцаанууд өсөв.
АНУ-ын Төв банк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа дараалан хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Тус банкны бодлогын хүү одоогоор 5.25-5.5 хувийн түвшинд байгаа юм.
Шийдвэрийг танилцуулах үедээ Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг сүүлийн 40 жилийн хамгийн эрчимтэйгээр өсгөсөн хатуу бодлогын цикл дуусгавар болж байж магадгүй гэсэн дохио өглөө.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
"Инфляцыг бууруулах ажил амаргүй, нугачаа ихтэй байх болно. Хэдий тийм боловч бид ахиц дэвшил гаргаж байна. Түүхэн үзүүлэлтээс харахад инфляц өндөр байхад эргээд буулгахад хугацаа шаарддаг. Инфляц өндөр байх тусмаа дээд түвшнээс эргэн бууруулахад их цаг хугацаа орно. Гэхдээ хамгийн сайн мэдээ нь гэвэл ахиц дэвшил гарч байна. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаа. Ахиц гарах замдаа явж байгаа гэдэг нь их чухал" гэж мэдэгдлээ.
Түүнчлэн Холбооны нээлттэй зах зээлийн хороо жишиг ханшаа өөрчлөлгүй, 5.25-5.5 хувийн хооронд хэвээр хадгалсан байна. Жером Пауэллын мэдэгдлийн дараа зах зээл идэвхжиж, “S&P 500 Index” нэг хувиас давж өссөн бол АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж хоёр долоо хоногийн хугацаанд анх удаа 4.75 хувиас буурсан хөдөлгөөнтэй байна.