Өнгөрсөн Лхагва гаригт (2025.04.02) Хойд бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөн Дархан зангилаанд болж, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Салхит, Зүүнхараа өртөөний 212 хөдөлгөөнчин оролцлоо. Зөвлөгөөнийг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгэндээ УБТЗ-ын өнгөрсөн оны амжилт бүтээл, түүнд оруулсан хөдөлгөөнчдийн оруулсан хувь нэмрийн талаар онцлон дурдлаа.
Цааш нь хэлэхдээ “Өнгөрсөн онд УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал бүх үзүүлэлтээрээ дээшилж, 33.2 сая тонн ачаа тээвэрлэж, 24.2 сая тонн ачаа ачиж, 3114 дамжин өнгөрөх галт тэргийг явуулсан. Энэ амжилтыг 2025 онд яаж баталгаажуулах нь хөдөлгөөнчин бидний хүчин чармайлтаас шууд шалтгаална. Энэ онд төлөвлөсөн 34 сая тонн ачаагаа саадгүй тээвэрлэж, ГТХАБ-ыг сахиж ажиллах нь бидний гол үүрэг юм. Өнгөрсөн хугацаанд бид ХНН УБТЗ-ын өмнө тулгамдсан маш олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал, ковид цар тахлын улмаас өдөрт ердөө 6-8 галт тэрэг солилцдог байсан бол энэ жил 17 хүртэл галт тэрэг солилцож байна. Хоногт нэг галт тэрэг хүлээлгэж өгөхөд жилд 1.2 сая тонноор ачаа тээврийн хэмжээ нэмэгддэг гээд бодохоор хэчнээн хэмжээний орлого олох нь тодорхой. Өнгөрсөн оны сүүлчээр ачаа тээврийн тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлж, 19 бүлгийн 21 нэр төрлийн ачаанаас гурваас бусдыг нь индексжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэж үнэ, тарифыг индексжүүлсэн орлогыг хэрхэн яаж зарцуулж байгаа талаар манай төмөр замчид асуудаг. Юуны өмнө нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлж, таван шинэ зүтгүүр хүлээж авсан. Дээр нь бас гурван зүтгүүр худалдан авч парк шинэчлэлтийг хийсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг 36.3 хувиар нэмэгдүүлж, үр дүнгийн шагнал буюу 13 дахь сарын цалинг 200 хувиар тооцож олгож байна. Шагналын журамд өөрчлөлт оруулж, дагалдах мөнгөн шагналын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн. Түүнчлэн “Говийн төмөр замчин”, ”Цалинтай ээж” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн бид олсон орлогоо нийт 16500 төмөр замчдадаа зориулж байгаа.
Жил ирэх тусам өсөн нэмэгдэх ачаа тээврийг асуудалгүй тээхийн тулд УБТЗ-д зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал олон байна. Иймд УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах, хилийн болон бүх өртөөдийн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна” гэж хэллээ.
Хойд бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөний 2024 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг Сүхбаатар зангилааны дарга Ч.Хоролсүрэн танилцууллаа. 2024 онд Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Салхит, Зүүнхараа өртөө нийтдээ 22 зүйл заалттай ажил төлөвлөж, хэрэгжүүлсэн байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга, хойд хэсэглэл хариуцсан ахлах байцаагч Б.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ “Замын хэмжээнд 2024 онд аюулгүй байдлын чиглэлээр 62 гологдол гарсан нь өмнөх оноос гурван нэгжээр буурсан байна. Дутагдал 722 гарсан нь 32 нэгжээр нэмэгджээ. Хойд хэсэглэлийн хувьд 2023 онд 15 гологдол гарч байсан бол 2024 онд 10 гологдол бүртгэгдэж, 33 хувиар буурчээ. Дутагдлын хувьд ч мөн адил 33 хувиар буурсан байна. Харамсалтай нь, 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр Орхон өртөөний 73 дугаар км-ын гуравдугаар зуутад байрлах гарам дээр илчит тэрэгтэй хүнд даацын автомашин мөргөлдсөнөөс зүтгүүр, чингэлэгийн 10 вагон замаас гарсан ноцтой осол гарсан. Үүний улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирсан. Иймд 2025 онд хойд хэсэглэлд Орхон өртөөний 73 дугаар км-т болон Мандал өртөөний 313 дугаар км-т хориглолын байгууламжаар тоноглологдсон жижүүрийн зохицуулалттай гарам бий болгохоор төлөвлөсөн байгаа.
Цаашид гологдол дутагдлыг бууруулахын тулд Замын хэмжээнд мөрдөх Тээврийн аюулгүй байдлын бодлогын бичиг баримтыг боловсруулж, дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ГТХАБ-ын хүчин зүйлийг бууруулах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ тогтоох тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, гарч байгаа гологдол дутагдлыг бууруулах, хөдөлгөөнтэй холбоотой албадын ажлын уялдааг сайжруулж, хамтын ажиллагааг дээшлүүлэх шаардлагатай” гэв.
Зөвлөгөөнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын үзүүлэлт, бодлогын чиглэлээр 2024 онд хэрэгжүүлсэн ажил, 2025 оны төлөвлөлтийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга А.Энх-Амгалан товч танилцуулга мэдээлэл хийв. Тэрбээр танилцуулгадаа “Замын хэмжээнд 2024 онд 235 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгдсэн. Хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах төлөвлөгөөний дагуу 30 ажлын байр хийхээр төлөвлөснөөс 28 ажлын байрыг сайжруулах ажил хийсэн. Замын хэмжээнд өнгөрсөн онд 14 осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Тээвэр зохион байгуулалтын алба ослыг тэглэж сайн ажиллажээ. Яаралтай тоормоз хийсэн 63 тохиолдол гарсан нь аюултай бүсийн дэглэмийг мөрдөж, ажил үүрэг гүйцэтгэхэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна. Жил бүр Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сар болгон зарладаг. Нийгэмлэгийн хэмжээнд сарын аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор өрнүүлж, ХАБЭА-н чиглэлээр 2025 онд дэвшүүлсэн зорилго зорилтыг бүрэн хангаж ажиллах болно” гэв.
Зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлэг болж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид зам засварын сэлбэг эд ангиудын хүрэлцээг сайжруулах, тулгуур өртөөнд ажиллах паркийн харуулын тоог нэмэгдүүлэх, өртөө зөрлөгүүдийн хэвгийг засаж сайжруулах, ажилчдын амьдрах орчныг дээшлүүлж, залуучуудыг гэр бүлийнх нь хамт ажиллуулах, Замын даргын тушаал шийдвэрийг хэрэгжих үндэслэлтэй гаргаж байх гэх мэт олон санал, хүсэлт гаргаж байв.
Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос ирүүлсэн бүх санал хүсэлтийг цахимаар нэгтгэн УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгаланд гардуулж өгөв. Энэ үеэр тэрбээр зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан ээлжийн нэгдсэн бригадыг зохион байгуулах хүсэлтийг судалж шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Г.Энхбаатар
