“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW серийн 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэх юм. Үүнээс эхний ээлжийн хоёр зүтгүүр манай улсад нийлүүлэгдэн, тээвэрлэлт хийж байгаа бол II ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-ын зүүн эрэг Атлантын далай 11700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 14220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр орж ирлээ.

 Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм. 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн хоёр тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн III үеийн зүтгүүр юм.