Зүүнхараа зангилаанд барьсан Б блокийн 40 айлын таван давхар ипотекийн орон сууцны нээлт болж, оршин суух төмөр замчдад түлхүүр гардуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Зангилааны удирдлагууд ипотекийн орон сууцад орох захиалагч төмөр замчдынхаа дунд байрны тоотуудыг сугалаагаар олгосон байна. Өөрөөр хэлбэл, гурван өрөө болон хоёр өрөөнд орох захиалагчдын дунд тус тусад нь сугалаа явуулжээ. Ингэснээр давхрын болон өрөө сонголтын маргаан, үл ойлголцол гараагүй байна. Мөн Замын захиргааны зүгээс олгосон гэр ахуйн цахилгаан бараанууд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны таван хүний мөнгөн урамшууллыг ч нээлтийн үеэр сугалаа сугалуулан гардуулж өгсөн юм. Улмаар, захиалагчдын төлөөлөл болгож нэгдүгээр тоотод зангилааны дарга Ц.Алтанхуяг алд цэнхэр хадаг зүүж өгөхдөө “Анх шав тавьж байхад “Ашиглалтад орохгүй удаад, Замын-Үүдийнх шиг болчих вий” гэсэн болгоомжлол хүмүүст байсан. Гэвч хоёр жилийн дотор нийт 80 айлын хоёр орон сууцны ард амжилттай гарлаа. Сэтгэл маш өндөр байна. Газрыг үнэгүй олгож дэмжиж ажилласан орон нутгийн удирдлага, “Гранд Бест Таур” ХХК, Замын захиргаа, зангилааны салбар нэгжүүд, төмөр замчид, ипотекийн зээлийн асуудлыг шууд шийдвэрлэж буй Худалдаа хөгжлийн банкны салбар гэхчлэн бүгдэд нь талархал илэрхийлье” гээд нийт оршин суугч өрхөд баяр хүргэлээ.
Энэ үеэр нээлтэд оролцсон Замын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн болон орон нутгийн удирдлага, оршин суугчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай:
-Зангилааны дарга, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга бид хэд 2023 оны гуравдугаар сарын 25-нд анхны экскаваторыг оруулан суурь тавьж байлаа. 2024 оны гуравдугаар сард эхний 40 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, дөрөвдүгээр сарын 1-нд мөн айлуудаа оруулсан. Хоёр дахь 40 айлын орон сууцыг мөн л нэг жилийн дараа гэхэд улсын комисст хүлээлгэн өгч, нээлтээ хийж байна. Энэ төсөл дээр эхнээс нь санаачлан гардаж явсных үр дүнгээ харах үнэхээр баяртай байна. Замын захиргааны энэ жилийн зорилтын хүрээнд таван төсөл эхлүүллээ. Замын-Үүдэд 108 айлын хоёр есөн давхар, Сайншандад 180 айлын гурван есөн давхар орон сууц барина. Мөн энэ 40 айлын орон сууцны зургаар Багахангайд барина. Улаанбаатарт бас оросуудтайгаа яриад газрын асуудлыг шийдвэрлэж, төмөр замын эзэмшлийн газар дээр 95 айлын орон сууцны ажил эхэлж байна. Зураг төсөл нь дууссан. Дарханд 176 айлын 15 давхар барилгын ажил эхлүүлэхээр орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэж байна. Зүүнхараагийнхан маань их азтай. Яагаад гэвэл, та нар нэгдэж чаддаг. Дээр нь зангилааны удирдлагууд маш их санаачилгатай, Замын захиргаатай үргэлж холбоотой, орон нутгийн засаг захиргаатайгаа ойрхон байж, ойлголцож ажиллаж чаддаг. Үүний үр дүнд хоёр том барилгыг амжилттай барилаа. Ингэснээр та бүхэн маань орон сууцаа нэг ам метрийг нь 1.960.000 төгрөгөөр тооцон худалдаж авч байна шүү дээ. Энэ барилгыг эхлүүлж байхад Зүүнхараа дахь орон сууцны зах зээлийн ханш 2.5 сая орчим төгрөг байсан. Одоо бүр ч өссөн байх. Та нарын болон Замын захиргааны хөрөнгө оруулалт бодитой үр өгөөжөө өглөө. Оршин суух төмөр замчид маань цаашид энэ өргөө гэрээ улам сайхан арчлан тордож, айл гэр бүхэнд аз жаргал, инээд хөөр бялхаж байхыг хүсэн ерөөе.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг:
-Хамтын гэрээний 6.7, 8 дугаар заалтад ялангуяа ипотекийн хөтөлбөрөөр төмөр замчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах тухай чухал зохицуулалт байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд Замын захиргаа, тэр дундаа Орон сууцны төв комиссынхон маш сайн ажилладаг. Энэ онд ч олон бүтээн байгуулалт эхлүүлж буйг Б.Баярмагнай дарга хэллээ. Энэ бол Замын захиргаа төмөр замчдаа дэмжиж буй бодит хөрөнгө оруулалт юм. Бүтээн байгуулалтын энэхүү том ажилд гар бие оролцсон Ц.Алтанхуяг даргатай зангилааны салбар нэгжүүдийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Зангилааны төмөр замчид гэдэг нь бүгд л орон нутгийн иргэд шүү дээ. Сум орон нутгийн удирдлагууд төмөр замчин иргэдээ маш сайн дэмжиж ажилласанд талархаж байна. Цаашид ч энэхүү төсөл улам өргөжих боломжтой гэж хардаг. Учир нь, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн энэ орчныг төмөр замчдын хотхон болгож болно.
Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар:
-УБТЗ-ын удирдлагууд, төмөр замчид буюу Мандал сумын иргэд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сумын үе үеийн удирдлагууд төмөр замтайгаа олон жилийн хамтарч хийсэн ажлууд байдаг. Үүний нэг нь энэ 80 айлын орон сууц юм. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой 2050 он гэхэд Мандал сум хот болон хөгжих зорилго тавьсан. Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө 1000 айлын орон сууц барихаар тусгасан. Энэ удаад орон нутаг газраа, УБТЗ хөрөнгөө гаргаж орон сууц барилаа. Барилга барихад дулааны эх үүсвэрийн асуудал чухал байдаг. Тиймээс сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд 50 МВт-ын цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулан хөрөнгийн эх үүсвэрийг татахаар аймаг, сумын удирдлагууд ажиллаж байна. Энэ орон сууцыг барихад аймгийн Засаг дарга дулааны эх үүсвэр дээр 100-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тогооны асуудлыг шийдэж өгсөн. Өмнөх дөрвөн жилд Ц.Алтанхуяг дарга бид хоёр Иргэдийн хуралд байхдаа газрыг нь батлуулж байлаа. Удахгүй төмөр замын гармаас энэхүү орон сууцны араар засмал зам тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийтийн тээвэр явах нөхцөл бүрдэнэ. Төмөр замчдынхаа байрны ард 0.9 га газарт тоглоомын талбай барина. Цаашид энэ орчин хотхон болж хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Ахмад төмөр замчин Д.Нямсүрэн:
-Миний бие улсад 39 жил ажилласны 28-д нь УБТЗ-д ажиллаад тэтгэвэрт гарсан. Би Ачааны вагон засварын депод үйлчлэгч байсан. Аав маань ч депод токарьчин, хөдөлмөр хамгааллын инженер, хүний нөөцөөр ажилладаг байлаа. Энэ байранд одоо хүү Б.Баярзориг маань амьдарна. Миний хүү депод авто угсрааны засварчнаар ажилладаг. Анх удаагаа орон сууц авлаа. Үнэхээр сайхан байна. Ажил, амьдралын гол түшиг тулгуур болсон УБТЗ, тэр дундаа Ачааны вагон засварын депогийнхондоо талархал илэрхийлье. Энэ орон сууц манай гэртэй их ойрхон. Тиймээс барилгачдадаа хааяа цай, хоол дөхүүлчихдэг байлаа. Бидний амьдрах орон сууцыг тэд маань чанарын өндөр түвшинд барьсанд их баярлаж байна.
М.Наранболд
