Эх орны дайны ялалтын баярын арга хэмжээний хүрээнд УБТЗ-ын Залуучуудын зөвлөл, Дорнод Сибирийн Залуучуудын зөвлөлтэй хамтран цахим уулзалт хийж, олон жилийн найрамдалт харилцааны түүхийг,  дайн оролцсон ахмад дайчдын төлөөлөлд хүндэтгэл илэрхийллээ. Уг уулзалтад УБТЗ-ын талаас Ерөнхий инженер С.П.Старцев, Залуучуудын зөвлөлийн тэргүүн Ц.Золбаатар, УБТЗ-ын Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат тэргүүтэй төмөр замчид, 96 настай ахмад дайчин Н.Батмөнх нар оролцов.  Дорнод Сибирийн төмөр замаас тус төмөр замын ҮЭ-ийн холбооны нэгдүгээр орлогч дарга В.Д.Громов, Ахмадын зөвлөлийн гишүүн А.С.Старцев, Залуучуудын зөвлөлийн дарга Д.А.Чугуевский нар оролцлоо. Уулзалтыг УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев нээж, Ялалтын 78 жилийн ойн баярын мэнд хүргээд “Манай хоёр орны хамтын ажиллагааны маш чухал баяруудын нэг нь Ялалтын баяр. Төмөр замчдын хувьд энэ сайхан уламжлалыг цаашид ч хадгална гэдэгт итгэлтэй байна. Жил бүр бид дайнд оролцож явсан ахмадууд, ар талд нь байсан хөдөлмөрчдөө үргэлж санан дурсдаг. Эх орны дайны үед Оросын ард түмэнд  хамгийн их тусламж, дэмжлэг хүргэсэн нь Монголын ард түмэн. Тухайн үед Монгол Улс ЗХУ-д суралцаж байсан сонсогч, офицерууд гээд бүх хүмүүсээ сайн дураар дайнд оролцох тушаалыг гаргасан анхны орон. Дайны үед Монголчууд хувцас, хоол хүнс, алт мөнгө, агт морь, танк, нисэх онгоцнуудыг фронтод илгээсэн. Тиймээс дайны ялалтад Монголын ард түмний  оруулсан хувь нэмэр маш их. Энэ өдөр нулимс, гуниг, баяр бахархал, итгэл найдвар зэрэгцэж байдаг” гэв. Мөн Дорнод Сибирийн төмөр замын ҮЭ-ийн холбооны нэгдүгээр орлогч дарга В.Д.Громов “Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус асгаруулсан дайн дуусаад 78 жил боллоо. Тэр дайнд оролцож  Агуу их ялалтыг байгуулсан ахмад үеийнхний маань эр зориг үүрд дурсагдах болно. Дайнд Дорнод Сибирийн төмөр замчид бас ар талын үүрэг гүйцэтгэн өөрсдийн түүхийн хуудсыг бичсэн юм. Дайны дараа хор уршгийг нь арилгахын тулд Оросын ард түмэн маш их хөдөлмөрлөсөн. Бидний ариун үүрэг бол ахмадуудаа үүрд дурсаж явах юм. Мөн тэр дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр маш их. Манай хоёр орны ард түмнийг энэхүү эв нэгдэл, бахархал нь үргэлж холбож явдаг. Бидний тэргүүнд үргэлж энхийн цэнхэр тэнгэр цэлмэж байх болтугай” гэсэн юм. Түүнчлэн, УБТЗ-ын Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат Эх орны дайны ялалтын баярын хүрээнд Ахмадын холбооны зүгээс уламжлал болгон концерт тоглодог болсноо дуулгалаа. Мөн хоёр талын Залуучуудын зөвлөлийн тэргүүнүүд ахмадууддаа хүндэтгэл илэрхийллээ.

 

Н.Батмөнх: Бид хэзээ ч мартаж болохгүй

 

Энэ үеэр ахмад дайчин, ахмад төмөр замчин

-Би 1927 онд төрсөн. Цэрэгт татагдан 1940-өөд оны сүүлчээр баруун хилийн буюу Байтаг Богдын зэвсэгт тулгаралтад оролцож, Оспаны цэргүүдтэй байлдаж байлаа. Цэргээс 1951 онд халагдаад Улаанбаатар хотод ирж Чихэр боовны үйлдвэрт, дараа нь Оросын цэргийн баазад ажиллаж байсан. Тэгээд тэндээсээ гарч төмөр замчин болоод 29 жил ажиллан тэтгэвэртээ гарсан.

            Ялалтын баярын тухайд хоёр улсын найрамдлын хүрээнд тэмдэглэдэг том баяр шүү дээ. Хойшид залуучууд та бүхэн үеийн үед авч явах ёстой. Бид хэзээ ч мартаж болохгүй.Эх орны дайны үед Монголчууд хоол хүнс, эд материал, агт морьд, зэвсэг техник гээд олон талаар дэмжиж, хамтын хүчээр фашизмыг ялсан юм.Монголын тусгаар тогтнолд ч Оросын ард түмний оруулсан хувь нэмэр их.

 

А.С.Старцев: Хар дайныг давтахгүй байхын төлөө бид нэгдмэл байх хэрэгтэй

 

Дорнод Сибирийн төмөр замын Ахмадын зөвлөлийн гишүүн

-УБТЗ-ын удирдлага, ахмадууд, залуучууддаа Ялалтын баярын мэнд хүргэе. Фашизмыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ахмадууддаа үргэлж талархаж явдаг. Дайны ххүнд жилүүдэд төмөр замчид байлдаан болж буй районуудад галт зэвсэг хүргэх тээвэр зохион байгуулалт хийжсэн юм. Арын ажлыг нь хүүхэд, эмэгтэйчүүд гүйцэтгэдэг байлаа. Мөн манай төмөр замаас 400 км-ийг хуулан авч дайн болж буй фронтын ойролцоох төмөр замуудыг сэргээн засварлахад ашигласан. Вагон депо, Зүтгүүрийн депогийн ажилчид маань зэвсэг үйлдвэрлэх ажилд оролцож байсан. Цаашид энэ их хар дайныг дахин давтахгүй байхын төлөө бид нэгдмэл байх хэрэгтэй юм.