Нүүр Хөндүүр цэг, шүүмж Хөдөлгөөний аюулгүй байдлыг төмөр замчид бид л хангана
Хөндүүр цэг, шүүмж

Хөдөлгөөний аюулгүй байдлыг төмөр замчид бид л хангана

G.Press 4 сарын өмнө 129 үзэлт 2 сэтгэгдэл

 

Тээврийн хяналтын албаны Хяналтын байцаагч-диспетчер Э.Өнөрбаяр

 

УБТЗ-ын Тээврийн хяналтын алба жил бүрийн 12 дугаар сард галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлууд, тээврийн аюулгүй байдлын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид зохион байгуулах ажлуудаа төлөвлөдөг. Мөн хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжийн удирдлагуудад зориулсан сургалт хийж, аюулгүй байдлын уламжлалт зөвлөгөөнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр 2023-2026 оны УБТЗ-ын Тээврийн аюулгүй байдлыг бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт болон Замын даргын 2025 оны А/02 тушаалаар батлагдсан “Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулж аюулгүй байдлын соёлыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд нийт 10 бүлэг, 73 зүйлтэй  “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, ажлын нэгдсэн төлөвлөгөө”-ний биелэлтийг дүгнэж танилцуулав.

2025 онд Замын хэмжээнд гарсан нийт гологдлын 66 хувь төмөр замчдын буруугаас буюу хөдөлгөөнтэй холбоотой албадад тооцогдсон байна. Үлдсэн 34 хувийг гадны хүчин зүйлээс шалтгаалсан буюу жолоочийн буруугаас, гарам дээр тээврийн хэрэгсэл дайрагдсан, зам усанд автсан байгалийн давагдашгүй хүчин зүйл, мал амьтан дайрагдсан гэх мэт бусдаар тооцогдсон гологдлууд эзэлж байна. Хөдөлгөөнтэй холбоотой албадад тооцогдсон гологдлуудыг авч үзвэл 79 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан байна. Хүний хүчин зүйлээс гэдэг нь замналд хяналт тавиагүйгээс сум зүссэн, хориглосон заалттай дохио өнгөрсөн, галт тэрэг явуулахаас өмнө ивүүр аваагүй, технологийн дагуу техник хэрэгсэл, төхөөрөмж байгууламжийн арчилгаа үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй гэх мэт технологи, дүрэм, журам зөрчсөнөөс үүджээ. Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны гишүүн 30 төмөр замын сүүлийн таван жилийн (2020-2024) аюулгүй байдлын үндсэн үзүүлэлтэд хийсэн судалгаагаар нийт 9446 осол, гологдол гарчээ. Үүний 7530 буюу 80 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан байна. Энэ нь техник, технологи өндөр хөгжсөн орнуудын төмөр замуудад ч хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол дийлэнх хувийг эзэлдгийг харуулж байна.

2022 онд боловсруулсан УБТЗ-ын Тээврийн аюулгүй байдлын бодлогын баримт бичиг, бодлогын хэрэгжилтийг хангах 2023-2026 оны дунд хугацааны хөтөлбөрт аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлэх, эрсдэлийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж эрсдэлийг удирдах, хяналтын системийг сайжруулах үндсэн гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулахад ажилтнуудын сахилга бат, хариуцлага, нарийн тодорхой боловсруулагдсан технологи, дүрэм, журам, оновчтой хяналт шалгалтаас гадна ажлын байрны чанартай техникийн сургалт, хамгийн чухал юм. Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. 2024 оноос аюулгүй байдлыг соёлыг төлөвшүүлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж эхэлсэн. Тухайн оны Замын даргын А/02 тушаалаар хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүдэд улирал бүр “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг зохион байгуулж ажил удирдагч, ажилтан хоёрыг ойртуулах, ажлын талбарт үүсэж байгаа хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх, зөвхөн техникийн сургалтуудаас гадна хувь хүний хөгжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж, ажилтнуудыг хөгжүүлж улмаар аюулгүй байдлыг хангуулах нь бидний зорилго байв.

Төмөр замчид бид их хэмжээний ачаа, бараа, бүтээгдэхүүнийг нэг газраас нөгөөд бүрэн бүтэн, богино хугацаанд хямд өртгөөр хүргэх тээврийн үйлчилгээг үзүүлж, нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангаж тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, улс орны нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ төмөр замын тээвэрт аюулгүй байдал нэн чухал. Галт тэрэг бүр ямар ч саадгүй аялж, хүрэх цэгтээ төлөвлөсөн хугацаандаа очиж байх нь төмөр замчин бүрийн ажлын үр дүн. Тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах гол хүч нь ажилтан буюу хүн учраас 2026 онд бид “Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах” зорилтыг Замын даргын А/02 тушаалаар батлуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дээр дурдсанчлан хүний хүчин зүйлийг бууруулахын тулд 2024 оноос бид аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх сургалтын чанар арга зүйг сайжруулахад анхаарч ажиллаж байна. 2024 оны А/656 тушаалаар байгуулагдсан УБТЗ-ын техникийн сургалтын чанар арга зүйг сайжруулах ажлын хэсгийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг EduUBTZ цахим сургалтын платформ, Дархан, Сайншанд зангилаадад байгуулсан сургалтын HUB төвүүд, Техникийн сургалтыг зохион байгуулах журмыг шинэчилсэн, удирдах ажилтны чадамжийн загварыг боловсруулан батлуулсан зэрэг томоохон ажлуудыг 2025 онд гүйцэтгээд байна.

2025 онд гарсан нийт 61 гологдлын 20 хувь нь гадны хүчин зүйлээс шалтгаалсан буюу гарам дээр тээврийн хэрэгсэл дайрагдсан гологдол эзэлж байна.

Гармын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр эрсдэл өндөртэй дөрвөн гармыг дохиолллын байгууламжаар тоноглож, гармын жижүүртэй болгосон. Мөн гурван гармын хөдөлгөөнийг хааж, 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж таван гармыг жишиг болгон тохижууллаа. Түүнчлэн, Маркетингийн албанаас “Түр зогс, бүр яар!” нөлөөллийн аяны хүрээд олон нийтэд чиглэсэн сошиал сурталчилгаа, сэрэмжлүүлэг пост, видео, анимейшн, подкастуудыг хийж, давхардсан тоогоор нийт найман сая гаруй хүнд хүргэлээ.

Гармын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр УБТЗ-ын хэмжээнд буй дөрвөн үндсэн бодлогыг баримталж, ЗТЯ, Төмөр замын газар, Тээврийн прокурор, Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газартай, Нийслэлийн замын хөгжлийн газар, нийслэл, орон нутгийн удирдлагуудтай бүх түвшинд хамтран ажиллаж байгааг өнгөрсөн “Гармын аюулгүй байдлын зөвлөгөөн”-өөс харж болно.

Сүүлийн жилүүдэд манай оронд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл (цөлжилт, газар хөдлөлт, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, зуд) буюу гамшгийн тохиолдлын давтамж 3-6 дахин нэмэгдсэн гэх судалгаа байна. УБТЗ-ын хэмжээнд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2022 оноос судалгааны ажлыг үе шаттай хийж, ажлын хэсгүүдийг томилж ажиллуулсны дүнд өнгөрсөн онд эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнд тулгуурласан 2026-2028 оныг хүртэл дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, Замын даргын А-795 тоот тушаалаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гамшгаас хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг оновчтой хийж, хохирол багатай сөрөн тэсвэрлэх, даван туулах үр дүнтэй юм.

УБТЗ-ын хэмжээнд нийт 250 технологийн болон технологийн бус гарцууд ашиглагдаж байна. Төмөр замын хориг хашааны эрсдэлийн үнэлгээний дагуу 2025 онд нийслэл, томоохон суурин газруудад нийт 8.5 километр газар өндөр шонтой торон болон өргөст торон хашаа татав. Энэ ажлын үр дүнд зам дээр гадны хүн байснаас галт тэрэг яаралтай зогсолт хийсэн дутагдал 24 нэгжээр буурсан байна.

2023 оноос Замын хэмжээнд ус зүйн судалгааны ажлыг эхлүүлж, 2023 онд найм, 2024 онд долоо, 2025 онд 17 гүүр хоолойг тус тус шинээр барьж, нийт 12.4 тэрбум төгрөгийн их барилгын ажил гүйцэтгээд байна. Үүний үр дүнд зам усанд автсан гологдол 2023 онд тав, 2024 онд гурав, 2025 онд нэг болж буурлаа. Бодлого, хөтөлбөр, зорилт, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ тооцоо, судалгаанд суурилсан эдгээр ажил зохих үр дүнд хүрч байгааг дурдах нь зүйтэй.

Аюулгүй байдлын зөвлөгөөний үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо, Тээврийн хяналтын алба, ХАБЭА-н алба, Хүний нөөцийн алба хамтран зарласан “Ажилтан-Аюулгүй байдал-Ажлын байр” болзолт уралдааныг дүгнэж, “Аюулгүй байдлыг эрхэмлэгч байгууллага”, “Ажилтны хөгжлийг дэмжигч байгууллага”, “Хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэгч байгууллага”, “Нийгмийн түншлэлийг дэмжигч байгууллага”, “Шилдэг алба, төв хэлтэс”, “Аюулгүй манлайлагч ажилтан” гэсэн зургаан номинациар уралдаанд манлайлагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулсан.

Эцэст нь дүгнэхэд “Аюулгүй байдал бидний гарт” буюу хөдөлгөөний аюулгүй байдлыг төмөр замчид бид л хангана. 2026 онд тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж тээврийн үр шимийг хүртсэн, бүтээн байгуулалт, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төмөр замчдаа хөгжүүлсэн, түүхэн амжилтууд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Төмөр замчдадаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

2 сэтгэгдэл байна.

Зочин 4 сарын өмнө
Аргагүй дээ
Зочин 4 сарын өмнө
Найдвартай тээвэрт машин зуун хувь буруутай байх нь түгээмэл