Замын даргын 2024 оны А/02 тушаалын хэрэгжилт болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлуудыг дүгнэж “Аюулгүй байдал ба байгууллагын соёл” сэдэвт зөвлөгөөн  боллоо. Зөвлөгөөнд Замын удирдлага, хөдөлгөөнтэй холбоотой бүх алба, төв, хэлтэс, тасгийн удирдах ажилтнууд, ЗТЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Зөвлөгөөнийг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нээж хэлсэн үгэндээ “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхээр зорьсон 2024 он бол Тээврийн аюулгүй байдлыг нэг шатаар ахиулсан, цаг үетэйгээ нийцсэн оновчтой зорилт байсан төдийгүй сургалт, зааварчилгаа, технологи, дүрэм, журмын шинэчлэлт, хяналт шалгалт, мэргэжлийн тэмцээн уралдаан, цахимжуулалт зэрэг олон чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж зохих үр дүнд хүрсэн, амжилт бүтээл дүүрэн жил” байсныг онцлон тэмдэглэв.

Замын даргын 2024.01.02-ны өдрийн А/02 тушаалаар “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” зорилтыг дэвшүүлж Аюулгүй байдлын сургалтын материалууд, цуврал видео контентуудыг бэлтгэж нийт хөдөлгөөнтэй холбоотой алба, салбар нэгжүүдийн 9000 гаруй ажилтанд /давхардсан тоогоор/ дөрвөн удаагийн хоёр цагийн сургалтыг зохион байгуулжээ.

Уг ажлын үр дүнд:

- Аюулгүй байдлын соёлын тухай нэгдмэл ойлголтыг бий болгожээ.

- “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийн арга хэмжээг улирал бүр Замын хэмжээнд зохион байгуулж хэвшүүлсэн, салбар нэгжүүдийн тайланг дүгнэж холбогдох заавар, чиглэл, зөвлөмжийг өгч ажилласан байна.

- Аюулгүй байдлын нээлттэй мэдээллийн тогтолцоог нэвтрүүлжээ.

- Хөдөлгөөнтэй холбоотой алба, салбар нэгжүүдийн дунд болзолт уралдаан зарлаж дүгнэсэн байна.

- Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажилласан байна.

- МАНЛАЙЛАЛ БА ОРОЛЦОО - Аюулгүй байдлыг хангахад ажилтан бүр манлайлагч байх, ажилтнуудын оролцоог хангуулах

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО - Аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг шуурхай дамжуулах

- АЖЛЫН ЁС ЗҮЙЛ, ЭЕРЭГ ХАРИЛЦАА ХАНДЛАГА - Ажилтан бүр харилцан бие биеэ хүндэтгэж хамтран ажиллах

- ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛ - Ажил үүргээ технологи, дүрэм журмын дагуу гүйцэтгэж хэвших зэрэг ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнд хүрч байна гэлээ.

Зөвлөгөөний үеэр Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх болзолт уралдаанд шалгарсан байгууллага, гарч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.