Замын дарга Х.Хэрлэн 41 дүгээр долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 8-ны 09.30 цагт Багануур өртөөнд 3106 дугаар галт тэрэгний 2ТЭ116УМ-030 илчит тэрэгний А секцийн зургадугаар хос дугуй гацсан байна.
Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд хоёр бусдаар гурав бүтгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 48 гологдолтой байсан бол энэ оны мөнд үед 35 гарч, 13 гологдлоор буурсан бол дутагдал энэ онд 440 болж өмнөх оны мөн үеэс таван нэгжээр нэмэгдүүлжээ.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 8-ныг дуустал 26636.8 мянган тонн ачаа тээвэрлэж, 105.8 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 18884.7 мянган тонн ачаа ачиж, 105.5 хувиар биелүүлэв. Тайлант долоо хоногт 6507 вагон буюу хоногт дунджаар 79 вагон илүү буулгасан байна.
Орон нутгийн 280100, транзит 114600, экспорт 235200, импорт 91000 тонн буюу нийт 721000 тонн ачаа тээвэрлэлээ.
“Багануур” ХК 31 вагон илүү буюу 1711, “Шарын гол” ХК нэг вагон илүү буюу 554 ачсан бол “Шивээ-Овоо” ХК 41 вагон дутуу буюу 803, “Эрдэнэт” үйлдвэр таван вагон дутуу буюу 195 вагон ачжээ.
Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.84 км/цагаар биелүүлжээ. Төлөвлөгөөтэй харьцуулахад 0.44 км/цагаар хурдсаж, 101.12 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 18 галт тэрэг 1770 минут зогссон байна.
Галт тэрэгний дундаж жин 3358.37 тонн болж, төлөвлөгөөнөөс 118.37 тонноор өсөж, 103.65 хувиар биелжээ. Зүтгүүрийн бүтээмж 1594.78 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 132.78 мянган бохир тонн/км-ээр нэмэгдэж, 109.9 хувиар биеллээ. Өмнөх долоо хоногоос галт тэрэгний дундаж жин болон зүтгүүрийн бүтээмж нэмэгдэв. Вагон эргэлт 4.1 хоног болж төлөвлөгөөнөөс 0.1 хоногоор хурдассан байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 112 галт тэрэг /696.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /719.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16-16.1 галт тэрэг болов.
Нарийн царигаар өмнөх долоо хоногоос бага зэрэг өсөж, 52 галт тэрэг /406.4 вагон/ хүлээн авч, 50 галт тэрэг /407.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1-7.4 галт тэрэг боллоо.
Сүхбаатар-Наушкиар 55 галт тэрэг /353.5 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /349.7 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.4-7.8 галт тэрэг солилцжээ.
Тайлант долоо хоногт чингэлгийн 71 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 10-аар илүү, оны эхнээс нийт 2985 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 46 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2408, импортын 665 чингэлэг шилжүүлэн ачсан нь транзит өмнөх долоо хоногоос 550, импорт 232-оор тус тус өссөн байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 385 чингэлэг, 2526 вагон ачаа байна.
“Эдрэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс өчигдрийн байдлаар 56 галт тэрэг буюу 1922 вагон, 129360.95 тонн мидлинг тээвэрлэжээ.
Мөн энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хоёр галт тэрэг буюу 100 вагон, 4460.52 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс тээвэрлээд байна. Энэ онд нийт 280000 тонн коксожсон хөх нүүр тээвэрлэх аж.
Түүнчлэн, Зүтгүүрийн болон Вагоны аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцууллаа. Зүтгүүрийн аж ахуйн хувьд он гарсаар өнөөг хүртэл техникийн хурд 99.5 хувиар биелснийг эс тооцвол бусад бүх үзүүлэлтийн төлөвлөгөө давж биелсэн байна.
Вагоны аж ахуйн албаны хувьд оны эхнээс 353 хос дугуй засварлажээ. Мөн энэ онд 1998 вагон засварлахаас 1589-ийг засварлаж, 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Тайлант долоо хоногт УБТЗ-ын 45 вагон зассан нь өмнөх долоо хоногоос долоогоор дутуу бол хувийн хэвшлийн 17 вагон засварлажээ.
Хурлын төгсгөлд Замын дарга осол, эрсдэлээс бүх шатандаа урьдчилан сэрглийлж ажиллахыг сануулж, энэ талд онцгой анхаарахыг ХАБЭА-н албаны даргад, мөн өвлийн бэлтгэл ажил 95.4 хувьтай ч ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байгаа тул хөдлөх бүхэлдэхүүний бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг холбогдох албадын дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн, энэ сарын 14-нд буюу Лхагва гарагт МНТ-ны хэрэгжилтийг дүгнэх хурал “Ган зам палас”-т болох аж. Уг хуралд ЗТЯ болон СХЗГ зэрэг төрийн байгууллагуудаас төлөөлөл ирж оролцох учир зохион байгуулалтад анхаарч ажиллахыг санууллаа.
М.Наранболд
