Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал өчигдөр БНХАУ-ын төмөр замын газрын дарга Фэй Дунбинтэй уулзаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хоёр талын төмөр зам хоорондын хамтын ажиллагаа, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд төмөр замын ачаа тээврийн хүчин чадал чухал үүрэгтэйг онцлоод цаашид төмөр замын боомт шинээр нээх шаардлагатайг тэмдэглэн хэлэв. Үүнээс гадна хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр тохиролцсон хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг түргэтгэх, холбогдох боомтуудыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Хятадын төмөр замын газрын дарга Фэй Дунбин төмөр замын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, төмөр замын боомтын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, холбогдох баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. Дашрамд дурдахад, УБТЗ нь Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг энэ сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулахаар болсон гэдгийг бид өмнө мэдээлж байсан. Зөвлөгөөнөөр Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх экспорт, импортын ачааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болсноос гадна өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ. Тухайлбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар солилцох галт тэрэгний тоог 20 хос галт тэрэгт хүргэх, ачааны галт тэрэгний уртыг 57-71 томьёолсон вагон болгож нэмэгдүүлэх, жинг 2600-6000 тонн болгон тогтмол аялуулах зэрэг талаар зөвлөлдөнө. Мөн Монгол-Оросын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Сүхбаатар-Наушкийн хилийн боомтоор 14 хос галт тэрэг солилцох боломжтой талаар танилцуулж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-нд Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзаж, Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг тохирч, Замын-Үүд–Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудлыг техникийн хувьд шийдсэн юм.