Нүүр МТЗ Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор МТЗ компани 30 сая ачаа тээвэрлэнэ
МТЗ

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор МТЗ компани 30 сая ачаа тээвэрлэнэ

G.Press 2 сарын өмнө 195 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын барилга байгууламж, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай энэ сарын 13-нд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Энэ үеэр “Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун “Монголын төмөр зам” компани энэ онд 18 сая тонн ачаа тээвэрлэж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж мэдэгдлээ. Тус компани 2025 онд 9 сая орчим ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ онд 18 сая тоннд хүргэх зорилт тавьсан нь өмнөх жилийнхээс даруй хоёр дахин өсөх үзүүлэлт юм.

Мөн тэрбээр “Энэ онд “Чайна энержи” компанийн 6.4 сая тонн ачаа тэвээрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-руу явж “Чайна энержи” компанитай дахин хэлэлцээ хийж, ачаагаа 10 сая тоннд хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх жилийн дөрөвдүгээр сард хил холболтын төмөр зам ашиглалтад ороход “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлт хийхэд шаардлагатай вагон, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний хувьд бүрэн хангагдсан байх ёстой.

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор хоногт 20-30 галт тэрэг 24 цагаар ажиллах шаардлага үүсэж байна, бэлтгэлийг хангах нь энэ оны гол ажил. Одоогоор хоногт 7-8 вагон 24 цагаар ажилладаг. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. 30 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд өдөрт 20-30 вагон 24 цагаар явж байж хүчин чадлыг бүрэн хангаж ажиллана.

Энэ жилийн хувьд Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” компаниас барьж байгаа бодлого бол ростерын ажилчдыг халж, аль болох говийн бүсийн аймгуудаас тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангах юм. Төв оппис дээр ажилладаг албан хаагчдынхаа 40 хувийг орон нутаг руу шилжүүлсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутагт ажиллах ажилчдынхаа цалин дээр 43 хувийн нэмэгдэл нэмж өгөхөөр шийдвэрлэж, шаардлагатай зардлыг төсөвтөө суулгасан. Эхний байдлаар 80-аад ажилтан, албан хаагч орон нутагт ажиллахаар өргөдлөө өгсөн.

Тулгамдаж байгаа нэг асуудал нь ростероор ажиллаж байгаа 800 гаруй хүний амьдрах байр, ажиллах нөхцлийг сайжруулах шаардлага бий.

Энэ асуудлыг орон нутагтайгаа хамтарч ажиллан шийдвэрлэхээр төлөвлөсөн. Өмнөговь аймгийн Засаг дарга, Цогтцэций сумын Засаг дарга нар өнөөдөр мөн газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. Бидний хувьд ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцыг сургууль, цэцэрлэгтэй нь хамтад нь цогцолбор байдлаар байгуулахыг зорьж байна” гэлээ.

 

40 хувийн нэмэгдэл цалин авснаар ажилчны цалин 5 сая төгрөг болно

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

 

-“Монголын төмөр зам”  ТӨХК 1500 ажилчин, албан хаагчтай. Тэдний 170 гаруй нь удирдах түвшнийх бөгөөд Улаанбаатар хотод байдаг. Удирдлагууд нь эхэлж орон нутагт нүүж ирнэ. Ингэснээр  40 хувийг нь орон нутагт амьдруулна. Зарим ажилчид өөрсдийн хүсэлтээр орон нутагт ирж байна. Ээлжийн системд орохгүйгээр суурин амьдраад ажиллая гэх ажилчинд цалингийн 40 хувиар нэмэлт олгоно.

Ийм хэмжээний нэмэлт цалин олгосноор нэг ажилчин ойролцоогоор 5 сая төгрөгийн цалинтай болно.

Төмөр замыг нутагшуулна гэж ярьж байгаа, төмөр зам гэдэг уул уурхайтай адил ростерын системээр байж болдоггүй. Осол аваар гарах магадлал хамгийн өндөр. Тийм учраас төмөр зам сахилга хариуцлага тооцохдоо нэг хүнтэй тооцдог. Өртөөний дарга хоёр, зөрлөгийн дарга хоёр байдаг асуудлыг дахин гаргахгүй. Аймаг орон нутагтай ярьж, ажилчид элсүүлэх ажил эхэлсэн. Одоогоор 394 хүн говийн нутгаас буюу Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгаас ажилд орсон гэдэг мэдээллийг өгсөн. Хил залгаа аймгуудаас ирж ажилладаг хүмүүсээ байнгын оршин суугч болгох нь чухал байгаа.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр зам сайн баригдсан, депо хөдлөх бүрэлдэхүүн сайтай. Ачаа тээвэрт түүртэх юм байхгүй. 2025 онд Гашуунсухайт, Хангимандал хоёр тийшээ 7.8 сая тонн ачаа тэвээрлэсэн. Энэ жил 17-20 сая тонн ачаа тэвэрлэнэ.

Даланзадгад хотыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбосон төмөр зам барина. Орон нутаг хөрөнгөө гаргах бол “Монголын төмөр зам” компани барина.

Энэ замыг барих шатанд олон хүн ажлын байртай болно. Мөн ганц нүүрс зөөгөөд байх биш импортын бараа аймаг руугаа татна.  Өмнөговь аймагт импортын бараа ирэхэд Дундговь руу татан авч болно. Сэхээ Шивэнхүрэнгийн төмөр зам ороод ирвэл цаад талаас нь Баянхонгор татан авч болно. Дэд бүтцээ дагаж хот тосгон бий болдог.

Хил холболтын төмөр замын тухайд, тулгуур баганыг 40 метрийн гүнд суулгаж байгаа. Дээгүүр нь 20 мянган тонн ачаатай нэг цуваа галт тэрэг өнгөрөх ачааг даахуйц баганан суурийг босгоно гэдэг амар зүйл биш маш нарийн технологи юм байна. Энэний бэлтгэл ажлууд бүгд 100 хувь хийгдсэн. Сая бид хоёр тал сая ярилаа. Энэ жил бүтээн байгуулалтын ажлынхаа 70-80 хувийг гүйцэтгэнэ.

Монголын тал хаалттай бүсийнхээ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдсэн. Хил холболтын төмөр зам барихад 1280 хүн орж ирж ажиллана. Виз, ажлын байрны татвараас чөлөөлөх зэрэг асуудлыг мөн шийдсэн. Түгээмлийн асуудал бий, солбилцлоор нь гаргаж өгөөд элс, хайргаа өөрсдөө гаргаад өгөхөөр өртөг ч багасна.  Энэ онд хил холболтын төмөр замын ажлын 70-80 хувийг хийнэ, үлдсэнийг 2027 оны эхний улиралд дуусгаж, дөрөвдүгээр сард анхны галт тэрэг явуулах боломжтой гэж хоёр тал тохиролцсон гэлээ.

Сануулахад, хил холболтын төмөр зам барих ажлыг БНХАУ-ын  “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” гүйцэтгэж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос зам бүхий 9,4 км урт гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Төслийн нийт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ.

 

Хоногт 30 мянган тонн ачааг татан экспортолж байна

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өртөөний шилжүүлэн ачих терминаль нь Тавантолгорйн бүлэг ордоос ачсан экспортын нүүрсийг биржээр арилжаалсан нүүрс, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Чайна энержи” компанитай байгуулсан урт хугацааны нүүрсийг төмөр замаар тээвэрлэн авч ирээд Гашуунсухайт шилжүүлэн ачих терминаль дээрээ автомашин руу шилжүүлэн ачиж, экспортын тээврийг зохион байгуулдаг гол эцсийн тээвэр. Тус компани холимог тээврийн ажиллагааг 2025 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн гүйцэтгэж иржээ.

 

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга Д.Анхбаяр:

 

-Манай компанийн шилжүүлэн ачих терминаль нь  жилд 12.4 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай. Өнгөрсөн жил “Чайна энержи” компанитай байгуулсан урт хугацааны гэрээний 3.5 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ жил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 9.6 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөө тавиад ажиллаж байна. Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл 1.3 сая тонн ачаа тээвэрлэсэн. Хоногтоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэдд 8-9 хос галт тэрэг аялуулж байна. Хоног тутамд 28-30 мянган тонн ачааг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд татан экспортын тээврийг зохион байгуулж байна.

Шилжүүлэн ачих терминалын хувьд гаалийн хяналтын бүс 81 га талбайг хамардаг, 24 цагаар ажилладаг. Төмөр замчид өдөр, шөнийн ээлжээр 24 цагаар ажилладаг. Шөнийн ээлжийн үеэр хилийн гарц хаалттай үед хойноос ирж байгаа галт тэргээ татан авах, автомашиндаа ачаагаа ачиж бэлдэх, бүрдүүлэлтээ хийж бэлдэх ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг гэлээ.

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд байгуулжээ

 

 

salbar 2

 

salbar 6

 

 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүд болон холбогдох ажлын хэсгийн төлөөллийн хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой өртөөний ажилчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын бодлого, зорилтын талаар танилцууллаа. Тэрбээр “Гашуунсухайт–Ганцмод төмөр зам, Ханги–Мандал төмөр зам, Шивээхүрэн–Сэхээ төмөр зам чиглэлийн төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд бүс нутагт 1500 гаруй шинэ ажлын байр бий болсон. Үүнээс Тавантолгой өртөөнд 550, Цогтцэций өртөөнд 250, Гашуунсухайт өртөөнд 300 орчим ажилтан ажиллаж байна. Мөн говийн бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд байгуулах ажлыг эхлүүлж, эхний ээлжинд 73 орон тоотой салбар оффисыг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Цаашид төмөр замын салбарыг тасралтгүй хөгжүүлэх бодлого баримталж байгааг онцлон тэмдэглээд, Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Бичигт төмөр зам чиглэлийн хөндлөн төмөр зам, мөн Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн төмөр зам, Эрээнцав–Чойбалсан–Бичигт төмөр зам, Сүхбаатар–Хөшигийн хөндий–Номгон–Ханги төмөр зам чиглэлийн босоо төмөр замын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа” хэмээн онцоллоо.

Мөн эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын зүүн, баруун, өмнөд бүсийг холбосон үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээ бүрэлдэж, БНХАУ-тай холбогдох шинэ гарцууд нээгдэхийн зэрэгцээ экспорт, тээвэр, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн говийн бүсэд уртын ээлжээр ажиллаж буй ажилтнуудыг орон нутгаас бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, ажилчдыг гэр бүлээр нь бүс нутагт суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх талаар танилцууллаа. Үүний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагын бүтцийн 40 хүртэл хувийг говийн бүсэд ажиллуулах, өртөө, зөрлөгийн ажилчдын цалин хөлсийг газар дээр нь бодож олгох, мөн ажилчдын хүүхдийн сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана хэмээн онцоллоо.

Уулзалтад оролцсон ажилчид цалин хөлсийг хугацаанд нь олгох, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг салбарын бодлого, шийдвэрт тусгах хүсэлтээ илэрхийлж, санал бодлоо солилцлоо.

 

БНХАУ-ын Бугат хотод 9 оюутан төмөр замын мэргэжлээр суралцаж байна

 

“Монголын төмөр зам” ТӨХК-аас Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говийн бүсийн хөгжил” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр төмөр замын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав. Одоогийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт ажиллагсдын 24.6 хувь буюу 340 орчим нь говийн бүсийн иргэд байгаа нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн бодлогын нэг илэрхийлэл болж байгаа аж. Тус компани 2025 оны аравдугаар сарын 11-нд Даланзадгад хотод “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 73 иргэн ажлын байрны хүсэлт гаргаснаас 22 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангажээ. Мөн ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Политехник коллежтой хамтран 22 оюутныг төмөр замын мэргэжлийн сургалтад бэлтгэж байгаа юм.

Түүнчлэн БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн технологийн коллежтой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 9 оюутан 100 хувийн тэтгэлгээр төмөр замын мэргэжлээр суралцаж байна.

 

Даланзадгад хотыг төмөр замтай холбох төслийн ТЭЗҮ-ийг боловсруулна

 

 

УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс, ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Уг баримт бичгийн 3.6.37 дахь заалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлд төмөр зам барих зорилтыг тусгасан байдаг.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар өнгөрсөн Баасан гариг/2026.03.13/-т харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Даланзадгад сумыг Тавантолгой–Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад сум чиглэлийн төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах чиглэлээр ажиллахаар болов.

Төслийг хэрэгжүүлснээр төмөр зам дагасан логистикийн төвүүд, авто замын сүлжээ, худалдаа, үйлдвэрлэлийн шинэ боломжууд бий болохоос гадна иргэд, аж ахуйн нэгжийн ачаа тээврийн зардлыг бууруулах, экспорт, импортын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

 

 

Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.