Нүүр Боловсрол Хичээлийн шинэ жилийн нээлтэд Замын дарга Х.Хэрлэн оролцлоо
Боловсрол

Хичээлийн шинэ жилийн нээлтэд Замын дарга Х.Хэрлэн оролцлоо

G.Press 9 сарын өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсад төмөр замын салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 76 жилийн ой, Төмөр замын политехникийн коллежийн 18 дахь хичээлийн жилийн нээлтийн ёслол өчигдөр боллоо.

Нээлтийн ёслолд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн болон Замын орлогч дарга нар, төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн удирдлагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд гэхчлэн албаны төлөөлөгчид, ахмад төмөр замчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, багш, оюутан сурагчид оролцлоо.

Хичээлийн жилийн нээлтийн ёслолд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, “Замын захиргаанаас төмөр замын хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд төмөр замын чиглэлээр суралцагчдыг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд элсэлтийн ерөнхий шалтгалтад 600-аас дээш оноо авсан элсэгчдэд тэтгэлэг олгох, цаашид үргэлжлүүлэн өндөр амжилттай суралцвал 100 хувь үнэгүй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлээд байна. Оюутнууд маань ОХУ, БНХАУ, БНСУ-ын их дээд сургуулиудын хамтарсан хөтөлбөрт хамрагдан тухайн оронд суралцах боломжтой болоод байгаа. Манай төгсөгчид шууд ажлын байраар бүрэн хангагдаж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бүрэн бололцоо бий” гэв.   

Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтох хэлэхдээ “2025-2026 оны хичээлийн жилд Политехникийн коллежид мэргэжлийн боловсролоор 250, техникийн боловсролоор 107 оюутан шинээр элсэн оржээ. Мөн 1.5 жилийн ангид 180 оюутан, нийтдээ 992 оюутан энэ хичээлийн жилд суралцахаар боллоо. Манай хамт олон 2025-2026 оны хичээлийн жилийг багш, хүний нөөцийн хөгжил, удирдлагын манлайллыг дэмжих, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын мэдлэг, чадварт ахиц гаргах жил болгон зарлаж байна” гэв.

Төмөр замын их сургуулийн захирал С.Галбадрах “Их сургууль гэдэг бол зөвхөн мэдлэг өгдөг талбар биш ирээдүйг бүтээх мэдлэг суурийг тавьдаг эрдмийн их өргөө юм. Оюутан залуус та бүхний манай сургуульд суралцах цаг хугацаа зөвхөн мэдлэг эзэмшихээс гадна өөрийн үнэ цэн, итгэлтэй ирээдүй, өөртөө төдийгүй бусдад аз жаргал түгээх ур чадвар эзэмшсэн он цаг байх болтугай” гэв.   

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн элсэлтийн ерөнхий шалтгалтад 600-аас дээш оноо авсан зарим элсэгчдэд сургалтын 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгийг гардуулж баяр хүргэлээ.  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.