УБТЗ ХНН-ийн харьяа боловсролын байгууллагын багш, ажилтнууд, оюутан суралцагч, хүүхэд багачууд та бүхэндээ 2026 2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Тус нийгэмлэгийн боловсролын байгууллагын 600 гаруй багш ажилтнууд нь төмөр замын мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, төмөр замчдынхаа хүүхэд багачуудад чанартай сургуулийн өмнөх боловсрол олгох хариуцлагатай үүргийг хүлээж байдаг. 2026-2027 оны хичээлийн шинэ жил УБТЗ-ын ТЗИС, Политехник коллежид төмөр замын мэргэжлээр 1400 орчим оюутан суралцагч, Хүүхдийн секторын 26 цэцэрлэгт 4000 орчим хүүхэд сурч хүмүүжих бөгөөд тэдэнд чанартай сайн боловсрол олгохын төлөө манай багш ажилтнууд улам хичээн ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Замын удирдлага боловсролын байгууллагынхаа орчин нөхцөлийг сайжруулах, багшлах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдад чанартай боловсрол олгоход байнга анхаарч ирсэн бөгөөд цаашид ч анхаарч ажиллах болно. Боловсролын байгууллагын багш ажилтнууд болон оюутан суралцагч, хүүхэд багачууд та бүхнийхээ сургалт хүмүүжлийн ажил, сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН Х.ХЭРЛЭН
