Хятад-Узбекистан-Киргизстаныг холбосон төмөр зам барих ТЭЗҮ-ийг боловсруулж дуусав. Өнгөрөгч баасан гарагт Киргизийн Засгийн газрын дарга Акылбек Жапаров парламентад үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилсан юм. Тэрбээр, “Хятад-Киргизстан-Узбекистан төмөр замын төслийн ТЭЗҮ бэлэн болсон. Төслийн санхүүгийн асуудлыг талууд тохиролцсоны дараа хурдны зам барих ажил эхэлнэ" гэжээ.
Мөн Засгийн газрын тэргүүний хэлснээр, энэ оны тавдугаар сарын дундуур Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров БНХАУ-д айлчлах төлөвтэй байгаа бөгөөд энэ үеэр талууд санхүүжилтийн загварыг хэлэлцэнэ. Төслийн өртөг нь 3-5 тэрбум доллар байж магадгүй юм.
Түүнчлэн, Хятад-Киргизстан-Узбекистаныг холбосон төмөр замын урт нь 450 орчим км байх бөгөөд үүний 280 орчим км нь Киргизийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх юм. Энэ хэсгийн дагуу нийт 57 км урттай хэд хэдэн хонгил тавихаар төлөвлөжээ. Киргизстан ч мөн Хятад болон ТУХН-ийн орнуудтай царигийн зөрүүтэй байгаа тул шаардлагатай дугуйны иж бүрдэл солих ажлын бааз байгуулсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар төмөр замын энэ хэсгийг ашиглалтад оруулсны дараа жилд 5 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой болохоос гадна Зүүн өмнөд Азиас Ойрхи Дорнод болон Европын орнуудад бараа хүргэх хугацаа эрс багасах аж.