Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээг AI буюу хиймэл оюун ухаанаар хянан, удирдаж эхэлжээ. Тодруулбал, 45000 км-ийн урттай тус төмөр замын сүлжээнд найруулагч, диспетчерийн бүх үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэх гэнэ. Ингэснээр хүний үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдал бүр мөсөн арилж, аюулгүй байдал илүү найдваржих төдийгүй эдийн засгийн хувьд ч өндөр хэмнэлт, үр ашгийг авчрах юм байна. Тус улс хиймэл оюун ухааны чадамжийг өндөр хэмжээнд ашиглаж байгаа бөгөөд жолоочгүй таксины үйлчилгээнээс гадна уул уурхайн хүнд машин механизмд ч энэ шийдлийг өргөнөөр нэвтрүүлээд буй билээ.

Ташрамд дурдахад Монгол Улсад ирэх долдугаар сард 5G сүлжээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тус сүлжээг нэвтрүүлснээр хүмүүсийн нийтлэг ойлголтоор фэйсбүүк ашиглах хурд сайжраад зогсохгүй олон дэвшилт технологийн салбарт гарч, цахим шилжилтэд хурдацтай орох үе шат эхэлнэ хэмээн харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, full HD өргөтгөлтэй буюу маш өндөр чанарын том багтаамжтай уран сайхны киног бүтнээр татах болон илгээх, цахим хуудсанд байршуулахад ердөө гурван секундыг л зарцуулдаг болох аж. Цаашлаад тээврийн салбарт жолоочгүй авто машинаас эхлээд хүн ардын аюулгүй байдлыг хангасан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн, зардлыг бууруулахад чиглэсэн олон дэвшилт гарах юм байна.