2026 оны Хятадын хаврын баярын тээвэрлэлт энэ сарын 2-ноос албан ёсоор эхэлсэнийг тус улсын Төмөр замын ерөнхий корпорациас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 13-ныг хүртэлх 40 хоногийн хугацаанд үргэлжлэх Цагаан сарын “их тээвэрлэлт”-ийн үеэр Хятадын төмөр замын систем давхардсан тоогоор 540 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа аж. Энэ нь өдөрт дунджаар 13.48 сая зорчигч тээвэрлэнэ гэсэн үг бөгөөд өнгөрөгч оны мөн үеэс 5.0 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус мэдээнд дашрамдуулан дурдсанаар, Хятад улс 2030 он гэхэд төмөр замын нийт ашиглалтынхаа уртыг 180 мянган километрт хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний 60 мянган километр нь өндөр хурдны төмөр зам байх ажээ. 2025 оны эцэст тус улс нийт 50.4 мянган километр урттай, дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээг амжилттай байгуулаад байгаа юм.
