Хятадын Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний долоон сарын гадаад худалдааны тайланг өчигдөр нийтэлжээ. Энэ мэдээллээр бол Хятадад үйлдвэрлэсэн автомашины экспорт мөн хугацаанд тогтвортой өсч Японы автомашин экспортын хэмжээг давсан байна. 2023 оны эхний долоон сард Хятад улс 2.7 сая тээврийн хэрэгсэл экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Экспортод гаргасан нийт автомашины үнийн дүн нь 383.73 тэрбум юань бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 118.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Японы дараа дэлхийн хоёр дахь томоохон экспортлогч байсан Герман улсыг Хятад өнгөрсөн онд гүйцэж түрүүлсэн билээ. Бензин машины үйлдвэрлэлээс цахилгаан машины үйлдвэрлэлд эрчимтэй шилжиж буй нь Хятадын экспортыг огцом нэмэгдэхэд хүргэж байгаа юм. АНУ-ын тэрбумтан Уоррен Баффэтийн хөрөнгө оруулалттай BYD брэндийг эзэмшдэг төрийн мэдлийн SAIC корпораци болон И.Маскийн “Tesla” компанийн Хятад дахь салбар тус улсын цахилгаан машины гол үйлдвэрлэгчдийн тэргүүн эгнээнд байна. “Tesla” компанийн Шанхай хот дахь үйлдвэр жилдээ 1.25 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ Япон болон Европын улсуудуд нийлүүлж байгаа юм.