Хятадын Гаалийн ерөнхий газрын саяхан нийтэлсэн тоо баримтын дагуу, 2023 оны тавдугаар сард хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 3 их наяд 450 тэрбум юаньд хүрч, дараалан дөрвөн сар өсжээ. Тэгвэл энэ оны эхний таван сарын гадаад худалдааны тоо баримтыг ерөнхийд нь авч үзвэл Хятад улсын гадаад худалдааны уян хатан чанар ирэх тусмаа тодорч байна.
Оны эхний таван сард Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 16 их наяд 770 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудтай хийгдсэн худалдаа нь Хятад улсын гадаад худалдааны өсөлтийн чухал хөшүүрэг болсон байна. Тухайлбал Хятад улс болон АСЕАН хоорондын худалдаа нэгээс тавдугаар саруудад хоёр их наяд 590 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээс 9.9хувиар өссөн бөгөөд АСЕАН нь Хятад улсын гадаад худалдааны хамгийн том түншийн статусаа хадгалсан аж.
Бүс нутгийн эдийн засгийн харилцаа холбоо гүнзгийрэхийн хирээр Хятад улс болон RCEP буюу “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр”-ийн бусад гишүүн орнууд хооронд хийгдсэн импорт, экспортын худалдаа тогтвортой өсөн нэмэгджээ. Тухайлбал оны эхний таван сард Хятад улс болон RCEP-ийн бусад гишүүн орнууд хооронд хийгдсэн импорт, экспортын нийт хэмжээ 5 их наяд 110 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар нэмэгдэж, RCEP нь Хятад улсын гадаад худалдааны 30 гаруй хувийг эзэлсэн байна.
Түүнчлэн Хятад улс болон “Бүс ба зам” дагуу орнуудын хооронд хийгдсэн импорт, экспортын нийт хэмжээ таван их наяд 780 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.2 хувиар өсөн нэмэгджээ.