Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт 2023 оны 5-р сарын 18-19-ны өдрүүдэд баруун хойд Хятадын Шааньси мужийн Сиань хотод зохион байгуулагдана. Энэхүү уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Төв Азийн далайд гарцгүй хөгжиж буй 5 орнууд болох Киргиз, Казахстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан Улсуудын тэргүүн нар оролцоно. Эдгээр улсын төрийн тэргүүн нар Шар тэнгис дэх Хятадын Ляньюньган далайн боомт руу нэвтрэх тээврийн төсөл, логистикийн талаар хэлэлцэнэ.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна. Үүнд:
1. Хил дамнасан төмөр замын тээврийн ашиг тусыг тодорхойлж, ашиглах,
2. Олон улсын авто замын тээврийн таатай нөхцлийг бүрдүүлэх,
3. Зорчигч болон агаарын ачааны тээврийн хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх,
4. Шалгах постуудын хүчин чадлыг цогцоор нь нэмэгдүүлэх,
5. Зорчигчдын хөдөлгөөнд зориулсан коридор байгуулах,
6. Ачааны урсгалыг тасралтгүй явуулах “ногоон коридор”-ыг сайжруулах,
7. Холбоосын институцийн тогтолцоог боловсронгуй болгох.
Энэхүү дээд хэмжээний уулзалтаар Казахстан улстай 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих гэрээг талууд зурахаар бэлтгэж байна. Түүнчлэн China+Central Asia (C+C5) холбоос нь Хятад болон Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл байх бөгөөд талууд хурдны зам, төмөр зам, агаарын тээвэр, хилийн боомтыг нэгтгэсэн олон шатлалт, иж бүрэн системийг байгуулж, харилцан хүний нөөц болон барааны эргэлтийн солилцоог тасралтгүй хангах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.