Энэ сарын 10-нд Цагаачлалын үндэсний газраас АСЕАН-ы орнуудаас Юньнань мужийн Шишуанбанна руу нэвтрэх жуулчдад визгүй зорчих бодлого хэрэгжүүлж буй талаараа мэдэгдэл хийлээ. Уг бодлогод Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Сингапур, Бруней, Вьетнам, Лаос, Мьянмар, Камбож зэрэг АСЕАН-ы 10 орны аялал жуулчлалын бүлгүүдийг хамруулж, эдгээр орны жуулчдад таатай нэвтрэх боломжийг олгох тухай тусгажээ. Тус мэдэгдлийн дагуу АСЕАН-ы орнуудын аялал жуулчлалын агентлагуудын зохион байгуулсан энгийн паспорттой (2 ба түүнээс дээш хүн) жуулчны багууд Шишуанбанна Гаса олон улсын нисэх онгоцны боомт, Мохан төмөр замын боомт, Мохан хурдны замын боомтоор дамжин тус улс руу визгүй орж, гарах боломжтой аж. Харин оршин суух хугацаа зургаа хоногоос хэтрэхгүй гэнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр Шишуанбанна хот нь АСЕАН-ы орнуудын жуулчдын сонирхдог Хятадын аялал жуулчлалын газрын нэг болж, Хятад Лаосын төмөр зам нь хил дамнасан олон аялагчдын аялах дуртай чиглэл болсон байна. Хятадын Төмөр замын Куньмин товчоо групп нь хил дамнасан жуулчдад илүү сайн үйлчлэхийн тулд Хятад Лаосын төмөр замын дотоод хэсэгт “3+N” хэлний үйлчилгээг нэвтрүүлж, Хятад, Лаос, Англи хэл дээр үндэслэсэн олон хэлний үйлчилгээг нэмжээ. Үүний зэрэгцээ Мохан төмөр замын боомтод эмнэлгийн яаралтай тусламжийн цэг байгуулж, гадаадаас яаралтай орж ирж эмчлүүлэх шаардлагатай иргэдэд гаалийн бүрдүүлэлт хийхэд тохиромжтой үйлчилгээ үзүүлж байна. Энэ сарын 11-ний өдөр Хятад Лаосын төмөр замын D87 олон улсын зорчигч тээврийн Хятадын галт тэрэгний дарга Хань Жялин “Уг галт тэрэг Лаос, Тайланд, Малайз, Вьетнам зэрэг орны олон жуулчдыг хүлээн авсан. Цаашид Хятад Лаосын төмөр замын дагуух бодлогоо гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, үйлчилгээний байгууламжийг тасралтгүй сайжруулснаар Шишуанбанна хил дамнасан жуулчдыг олноор хүлээж авна гэдэгт итгэж байна” гэжээ. Статистикийн мэдээгээр, зөвхөн нэгдүгээр сард Хятад Лаосын төмөр замаар орж гарсан хүний тоо 29964-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 хувиар нэмэгдсэн байна.