Нүүр Гадаадын төмөр зам Хятад-Киргиз-Узбекийн төмөр зам хоорондын анхны хонгилон гарцыг тавьж эхэллээ
Гадаадын төмөр зам

Хятад-Киргиз-Узбекийн төмөр зам хоорондын анхны хонгилон гарцыг тавьж эхэллээ

G.Press 11 сарын өмнө 169 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Киргизэд "Хятад-Киргиз-Узбек" төмөр замын анхны хонгил тавих ажлыг албан ёсоор эхлүүлснээ Бүгд Найрамдах Киргиз улсын сайд нарын танхимын сайтад мэдээлжээ.

Зүүн барууныг холбосон ложистикийн шугам болох шинэ хурдны замын уртын ихэнх хэсэг нь Киргизийн нутаг дэвсгэрт оногдож байна. Хонгилон гарцын барилгын ажлыг өнгөрсөн өвөл эхлүүлжээ. Гэхдээ төслөө яг хэзээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь хараахан гараагүй байна.

12 км урт туннель нь Жалал-Абад мужийн Сузак дүүргээс Нарын мужийн Тогуз-Торо дүүрэг хүртэл үргэлжлэх юм. Мөн ижил урттай хоёр том хонгил барихаар Нарын, Жалал-Абад мужид төлөвлөсөн аж. Уг төслөөр нийтдээ 120 км урт 46 гүүр, 27 нүхэн гарц барихаар тусгасан байна. Ийнхүү Хятад-Киргиз-Узбекийг холбосон нийт төмөр замын 40 хувийг хонгил болон гүүр эзлэх ажээ. Хурдны замын ихэнх хэсэг буюу 300 орчим км Киргизийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө. Тус улсын нутаг дэвсгэр дээр нэг царигаас нөгөөд шилжих тэргэнцэр солих цэгийг зохион байгуулах аж. БНХАУ-тай хиллэдэг хилээс Макмал өртөө хүртэл нарийн, Макмал өртөөнөөс Узбекийн хил хүртэл өргөн царигийн төмөр зам тависнаар галт тэргийг нэг царигаас нөгөөд шилжүүлэх ажил Макмал өртөөнд явагдана. Хятад-Киргизс-Узбекийг холбосон төмөр замын нийт урт нь ойролцоогоор 450 км болно.

Хурдны зам барих ажил өнгөрсөн оны сүүлээр эхэлж уг төслийг хэрэгжүүлэхээр тусгайлан Хятад-Киргиз-Узбекийн хамтарсан компани байгуулсан. Энэхүү төмөр замын маршрут нь гурван улсын нутаг дэвсгэрийг холбож, Хятад улсыг Төв Ази руу өөр гарцаар хангаад зогсохгүй Хятад, ЕХ-ны хооронд бараа бүтээгдэхүүн хүргэхэд ашигладаг Каспийн Транс-Каспийн зам гэгдэх ОХУ-ыг дайран өнгөрөх нэг салбар болно гэж үзэж байна.

"Хятад-Киргиз-Узбекийн төмөр зам бол зүгээр нэг тээврийн коридор биш, харин зүүн болон барууны орнуудыг холбосон стратегийн чухал гүүр юм. Энэ төсөл нь зөвхөн дэд бүтцийн ач холбогдолтой төдийгүй амьдралын чанарыг сайжруулж, эдийн засгийн өсөлт, бүс нутаг, ард түмний хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх боломжийг нээж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийг хөгжүүлэх, ложистикийн шинэ боломж, олон мянган ажлын байрыг бий болгож, манай улсын эдийн засагт хүчтэй түлхэц өгнө" гэж Киргизийн Сайд нарын зөвлөлийн дэд дарга дүгнэв. Гэхдээ яг хэзээ шинэ төмөр замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа талаар хараахан зарлаагүй байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.