Хятад-Европ чиглэлийн төмөр замын Олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар форум өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд Хятадын Ши Ань хотод болжээ.
"Ази, Европыг холбож, ирээдүйгээ хуваалцъя" уриан дор болсон тус форумын үеэр "Хятад-Европын ачааны галт тэрэгний хөгжлийн тайлан-2025"-г албан ёсоор нийтлэв. Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, тээвэрлэж буй ачааны төрөл зүйл олширсоор байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Тухайлбал, Хятад-Европын ачааны галт тэргээр тээвэрлэж буй ачааны төрөл нь 53 ангилал, 50 мянга гаруй зүйлийн бараа бүтээгдэхүүн болон өргөжжээ. Хятад улсаас экспортолж буй зүйлс нь автомашины эд анги, машин механикийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл зэрэг нэмүү өртөг өндөртэй бараа бүтээгдэхүүн байна. Түүнчлэн Европын маш олон өвөрмөц бараа бүтээгдэхүүнүүд Хятад-Европын ачааны галт тэргээр дамжин Хятадын зах зээлд орж ирсээр байгаа юм. 2024 оны эцэс гэхэд Хятад-Европын ачааны галт тэргээр тээвэрлэсэн ачаа барааны нийт үнэ 426.4 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадын үндэсний төмөр замын группийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 2025 оны 1-10 дугаар сард Хятад-Европын чиглэлийн төмөр замаар нийт 5063 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь оны эхний 10 сард аялсан галт тэрэгний нийт тоо анх удаа 5000-аас давж, өмнөх жилүүдийн мөн үеийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Галт тэрэгний тоо, ачаа тээврийн хэмжээ, чингэлэгийн ачааны хурд зэрэг гол үзүүлэлтүүд улсын хэмжээнд тэргүүлсээр байна
