Нүүр УБТЗ ХНН Хэмнэлтийн бодлого барина
УБТЗ ХНН

Хэмнэлтийн бодлого барина

G.Press 2 сарын өмнө 187 үзэлт 0 сэтгэгдэл

 

           

        Замын I орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт хоёр гологдол гарчээ. Тодруулбал, 24-ний 09.48 цагт Улаанбаатар 1-Амгалан хоорондын 407 дугаар км-ийн гармаар 5202 дугаар галт тэрэг өнгөрөх үед гармын ховил хууларч зам хэмжигч вагоны мотор цөмлөсөн байна. Мөн 29-ний 05.11 цагт Оорцог-Энгэр-Лүн хоорондын замын 612 дугаар км-ийн VI зуутад зорчигчийн 275 дугаар галт тэрэгний ТЭ33АС-1004 илчит тэргэнд гэмтэл гарч тусламж авчээ.

Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг нэгжээр өссөн бол дутагдлын тоо 15 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна. Албаар нь авч үзвэл Тээвэр зохион байгуулалтын алба, Замын аж ахуйн алба гологдлыг тус бүр нэг нэгжээр нэмэгдүүлсэн байна. Харин дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн алба долоон нэгжээр өсгөсөн бол бусад албад бууруулж ажиллажээ. Тээврийн хяналтын албаны байцаагч нар Улаанбаатар 1, 2 өртөө, салбар замуудад ажиллаж нийт 17 үл тохирол илрүүлэн актад тусгаж, Туул-Хонхор хоорондын зам, гүүр хоолой, шар усны үерийн байдалд үзлэг хийсэн байна.  

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 26-ныг дуустал 8496.3 мянган тонн ачаа тээвэрлэж, 105.6 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 457.6 мянга, өмнөх оны мөн үеэс 597.3 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт аж.

Мөн хугацаанд 6039.9 мянган тонн ачаа ачиж, 103.4 хувиар биелүүлсэн байна. Энэ нь төлөвлөгөөг 200.5 мянга, өмнөх оны мөн үеэс 136.6 мянган тонноор тус тус давуулсан амжилт юм.

Харин тайлант долоо хоногт 6038 вагон буулгаж, хоногт дунджаар 29 вагон илүү буулгасан байна.

Орон нутгийн 239100, транзит 114200, экспорт 228100, импорт 77700 тонн буюу нийт 659100 тонн ачаа тээвэрлэжээ.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 177 вагон илүү буюу 5819, “Эрдэнэт” үйлдвэр 33 вагон илүү буюу 721 вагон тус тус ачсан бол “Шивээ-Овоо” ХК 59 вагон дутуу буюу 2849, “Шарын гол” ХК 100 вагон дутуу буюу 1675 вагон ачсан байна. Төлөвлөгөөндөө хүрч ачаагүй шалтгаан нь “Шивээ-Овоо” уурхай тэсэлгээ хийж гаргалт удааширсан, вагон тавилт саатсан гэсэн бол “Шарын гол” ачилтын дамжлага эвдэрсэн, нүүрсний гарц муудсан, дамжлагын бутлуурын шарик нурсан зэрэг шалтгаантай аж. Гэхдээ уурхайд ачилтаа нөхөж ажиллахаа мэдэгдсэнийг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга хэллээ.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 39.53 км/цагаар биелүүлжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 19 галт тэрэг 1368 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3294.95 тонн болж, төлөвлөгөөнөөс 45 тонноор өссөн ч өмнөх долоо хоногоос 28.97 тонноор буурсан байна. Зүтгүүрийн бүтээмж 1513.96 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 44.0, өмнөх долоо хоногоос 18.46 бохир тонн/км-ээр өсөв.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг /700.8 вагон/ хүлээн авч, 115 галт тэрэг /718.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болжээ.

Нарийн царигаар 58 галт тэрэг /454.1 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /455.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.2 галт тэрэг болов.

Харин Сүхбаатар-Наушкиар 48 галт тэрэг /315.7 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /359.1 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 6.8-7.7 галт тэрэг солилцож, өмнөх долоо хоногоос хүлээн авсан галт тэрэгний тоо буурсан байна.

Тайлант долоо хоногт чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү, оны эхнээс нийт 899 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 121 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2396, импортын 650 чингэлэг шилжүүлэн ачив. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 437 чингэлэг, 2198 вагон ачаа байна.

БНХАУ-аас өчигдрийн байдлаар 154 галт тэрэг буюу 7486 вагон 350194.985 тонн хөх нүүрс хүлээн аваад байгаа аж. Нийт 367 мянган тонн хөх нүүрс авахаас одоогийн байдлаар 16805.015 тонн үлдээд байна.

Мөн Цогтцэций өртөөнөөс 85 галт тэрэг буюу 1846 вагон125879.51 тонн мидлингийг хүлээн авчээ. Эдгээр тээвэр дөрөвдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусах юм байна.

Түүнчлэн, Дохиолол холбооны болон Замын аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцуулав. Дохиолол холбооны албаны дарга Л.Гунгаажанцангийн танилцуулснаар тус алба тайлант долоо хоногт өмнөх оны мөн үеэс гэмтлийг хоёр, дутагдлыг таван нэгжээр тус тус бууруулж ажиллажээ. Харин Замын аж ахуйн албаны хувьд 260 ширхэг зам төмөр, нэг суман шилжүүлгийн тоонолж сольсон байна. Мод боловсруулах үйлдвэр дэр мод үйлдвэрлэл төлөвлөгөөндөө хүрээгүй яваа аж. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг дарга, Цагааннуур, Ерөө сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт зохион байгуулсны үр дүнд нэмэлтээр хагас жилээр 2000-3000 шоо метр мод бэлтгэх зөвшөөрөл авчээ. Чулуун завод шинээр тэсэлгээ хийх төхөөрөмж худалдан авч анхны тэсэлгээгээ амжилттай хийсэн байна. Тиймээс үерийн чулууны нөөц бэлтгэх ажил хийгдэж буйг албаны орлогч дарга Ж.Борхүү танилцууллаа.

Харин зам хэмжигч вагоны зарим төхөөрөмж ажиллахгүй байгааг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн онцлоод үүнийг яаралтай шийдвэрлэхийг санууллаа.

 Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков дараах үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.

Ойрын хугацаанд түлшний үнэ өсөхөөр байгаа тул хэмнэлтийн бодлого барихаа дуулгав. Өөрөөр хэлбэл, гадаад худалдан авалт болон үйлчилгээтэй холбоотой тендерүүдийг зогсоож, гадна фасадын засвар зэрэг тэвчиж болох зардлуудыг танах үүргийг өглөө. Мөн дулаарч буй тул шар усны үерээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулав. Мод боловсруулах үйлдвэрийн болон Төв засварын үйлдвэрийн ажлыг шалгаж танилцуулах үүргийг Замын холбогдох орлогч дарга нарт өгсөн юм.

 

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.