Өвөл хүн хөдөлгөөн багатай, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Нарны гэрэл бага авснаас улирал солигдох үед ядрах, нойрмоглох, арьс хуурайших зэрэг өөрчлөлтүүд гардаг. Иймээс хавар биеэ цэвэрлэх, эрч хүчээ сэргээх зорилгоор детокс хийх хэрэгтэй. “Детокс” гэдэг нь detoxification буюу хорт бодисыг гадагшлуулах гэсэн үгнээс гаралтай. Хүний бие ч элэг, бөөр, арьс, уушги зэрэг эрхтнүүдээрээ дамжуулан хорт бодисыг гадагшлуулж байдаг. Харин хаврын детокс нь энэ үйл ажиллагааг дэмжих, хооллолт болон амьдралын хэв маягаа түр хугацаанд зөв болгохыг хэлдэг.
-Хаврын детокс нэн түрүүнд хооллолттой холбоотой. Өөх тостой, шарсан, чихэрлэг, боловсруулсан хүнсний хэрэглээгээ багасгаж, оронд нь шинэ ногоо, жимс, бүхэл үр, шөл, салат зэрэг хөнгөн хоол идэхийг зөвлөе. Ялангуяа ногоон өнгийн ногоо нь амин дэм, эрдэс бодис ихтэй тул бие цэвэрлэхэд тустай.
-Ус сайн уух нь детоксын чухал хэсэг юм. Ус нь биеэс хорт бодисыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Өдөрт дунджаар 1.5–2 литр ус уух нь биеийн бодисын солилцоог сайжруулж, арьсыг чийгшүүлж, ядаргааг багасгадаг.
-Хаврын детокс зөвхөн хоол биш, хөдөлгөөнтэй ч холбоотой. Алхах, гүйх, иог, сунгалтын дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, хөлсөөр дамжуулан биеэс илүүдэл бодисын гадагшлуулдаг. Өдөрт дор хаяж 30 минут хөдөлгөөн хийх хэрэгтэй.
-Мөн хангалттай унтах нь детоксын нэг хэсэг юм. Унтаж байх үед бие махбодь өөрийгөө нөхөн сэргээж, хорт бодисыг гадагшлуулдаг. Тиймээс орой эрт унтаж, 7–8 цагийн нойр авах хэрэгтэй.
-Зарим хүмүүс детокс гэхээр зөвхөн шүүс уух, мацаг барих гэж ойлгодог. Гэхдээ энэ нь хүн бүрт тохирохгүй, буруу хийвэл бие сулрах, даралт унах, ходоод өвдөх зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс хэт хатуу детокс хийхээс илүү зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийг баримтлах нь илүү үр дүнтэй.
-Хаврын детокс хийх үед кофе, архи, тамхи, хийжүүлсэн ундаа зэргийг багасгах хэрэгтэй. Мөн чихэрлэг хүнсийг багасгаснаар элэг болон нойр булчирхайд ирэх ачаалал буурдаг аж.
-Сэтгэл зүйн детокс бас чухал. Стресс, бухимдал, сөрөг мэдээлэл хүнийг ядраадаг. Тиймээс хавар байгальд алхах, ном унших, бясалгал хийж, утасны хэрэглээгээ бууруулахад сэтгэл санаа цэгцэрч цэвэрлэгддэг.
-Ерөнхийдөө хаврын детокс гэдэг нь богино хугацаанд өлсөх эсвэл зөвхөн шүүс уух биш, харин эрүүл хооллох, ус сайн уух, хөдөлгөөн хийх, сайн унтах, стрессээ багасгах зэрэг амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхийг хэлж буй ойлголт юм.
Ингээд та хаврын детоксыг зөв хийж чадвал бие тань хөнгөрч, арьс үс өнгөлөг болж, дархлаа сайжирч, ажлын бүтээмж нэмэгддэг. Хамгийн чухал нь огцом хийх биш, аажмаар эрүүл зуршлыг хэвшүүлэх явдал юм.
