Нүүр Гэгээн анир Хавар яг л....
Гэгээн анир

Хавар яг л....

G.Press 1 сарын өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

Хавар яг л зураачийн гар дахь бийр шиг улирал. Тэр бийрийн үзүүрээс хэзээ мөдгүй өнгө тунарсан хараа булаам бүтээл төрөх гэж дуншин байх шиг...

Салхи нь хүртэл сэтгэл гэгэлзүүлж, хөл хөнгөлөх нь гайхалтай. Заримдаа жигтэйхэн зэгэлтэж, юунд ч юм гуниглуулна. Бүр сэтгэлийн үзүүрээс хэдэн тонн ачаа дүүжилчихсэн аятай дороо хий эргэх өдрүүдийг тэсэхэд бэрхтэй. Тэгснээ цасаар шуурч, нараар аргадна. Шороогоор шуурч, хотын гудамжаар тухгүйтсэн хүмүүсийн толгой дээгүүр хог эргэлдэн бүжих нь хоржоонтой ч юм шиг. Угаасаа тааварлахад бэрх ааштай хүүхэн шиг л улирал. Өдөр бүр өөр өнгө тодорч, өөр ая эгшиглэнэ, анзаарч чадвал. Сэтгэлийн чинь мухраас хаа хол орхисон гомдол тунирхлыг онгичин гаргаж, аль эрт алсарсан хайрын дурсамжийг сэндийлж, ерөөсөө л бүх будилааныг хутгачихаад чамайг яахыг харъя гэж байгаа юм шиг...

Жилийн дөрвөн улирлаас хамгийн адармаатай энэ улиралд би харин хачин дуртай. Нэг өдөр гуниг, нөгөө өдөр нь жигтэйхэн дэгэлзэж, гоёмоор, гангалмаар, ганцаараа баймаар... Өөрийгөө ч ойлгох аргагүй ойж буусан өдрүүдийн хойно анхны бороо орох ямар гоё гэж санана. Сэтгэл зүрхний минь толбо тортгийг юу ч үгүй угааж, толийтол нь индүүдээд шив шинэхэн сэтгэл зүрх надад суулгаж өгч байгаа юм шиг эдгээгч улирал юм.

 

Б.Цэгцүүхэй

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.