Эмээлтийн төмөр замын гарам дагуу төмөр замчид эгнэн зогсож, хүндэтгэлийн тайз засжээ. Эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан тэд замчид биедээ баяр хүргэж, ажлын амжилт хүснэ. Монгол улсын төмөр замчид нэгдэн, анх удаа Хангайн бүсэд шинэ төмөр зам тавьсан нь энэ. Тэд өнгөрсөн нэг жил зургаан сарын хугацаанд 24 цагийн турш хоёр ээлжээр зогсолтгүй ажилласнаар хамгийн урт, хамгийн өндөр гүүрэн байгууламж бүхий нийтдээ 127.1 км төмөр замыг барьж, байгуулжээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд болон УБТЗ-ын удирдлагууд оролцож, шинэ төмөр замын бэхэлгээний боолтыг чангалах ёслолыг үйлдсэн юм.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ёслолыг нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргасан түүхэн санаачлага өнөөдөр бодит ажил болж, биеллээ оллоо. Өнгөрсөн 2019 оноос хойш үе үеийн Засгийн газар энэ санаачилга, бодлогын залгамж чанарыг хадгалан ажилласны үр дүнд гурван удаа Засгийн газрын тогтоол гарч, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Богд уулын урдуур шинэ төмөр зам барих төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэ бүтээн байгуулалтыг "Монголын төмөр зам" ТӨХК нь улсын төсөвт дарамт үүсгэхгүйгээр бонд босгож, санхүүжилтээ шийдвэрлэсэн нь жишиг боллоо" хэмээн онцлоллоо.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хот дундуур тээвэрлэдэг түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн ачааг хотоос хол зайд тээвэрлэхээс гадна замын түгжрэлийг тодорхой хувиар бууруулна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-25 сая тонн ачааг тээвэрлэхээр тооцоолжээ.
Ингэснээр нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хаадаг хугацааг хоногт дунджаар 144 минутаас 90 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэж, нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах тооцооллыг мэргэжилтнүүд хийжээ. Тодруулбал, төслийн тооцооллоор хоногт дунджаар 1800 орчим том оврын автомашины хөдөлгөөнийг бууруулах боломжтой аж.
ХАНГАЙН БҮСЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ, 33 САЯ ТОНН КУБ МЕТР ШОРООНЫ АЖИЛ ХИЙЛЭЭ

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун "Өнгөрсөн 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд энэхүү төмөр замын шавийг тавьсан. Бид жил зургаан сарын хугацаанд 127.1 км төмөр замыг барьж, байгууллаа. Шинэ төмөр замыг байгуулахад 160 гаруй үндэсний компанийн 4000 гаруй ажилтан, 1500 гаруй техник тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан. Хангайн бүсэд анх удаа баригдсан төмөр зам гэдгээрээ онцлог бөгөөд тэр утгаараа газар шорооны ажил ч маш их байлаа. Нийтдээ 33 сая тонн куб метр шорооны ажил хийсэн.
Жишээлбэл, Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн 416 км төмөр замын газар шорооны ажлыг хийхэд 22 сая тонн куб метр болж байсан бол энэ удаагийн төмөр замыг хангайн бүсэд барьсан учраас газар шорооны ажил хэд дахин их байна.
Үүнээс гадна Монголын үндэсний компанийн ажилчид 176 метр хамгийн өндөр гүүр болон Туул гол дээгүүр 476 метр хамгийн урт гүүрийг барьж чаддагаа харууллаа. Мөн төмөр зам, автозамын хоёр түвшний гарамыг гурван сарын хугацаанд барьж байгуулж чадлаа. Энэ бүхнийг монгол инженер техникийн ажилчид хийж, гүйцэтгэсэн учраас хамт олноороо маш их бахархаж байна" гэсэн юм.
ЭХНИЙ ЭЭЛЖИНД 13 ТЕРМИНАЛЫГ ХОТООС ГАРГАНА

Улаанбаатар хотод байгаа хувийн компаниудын 100 орчим терминалуудыг ээлж дараатайгаар хотоос гаргахаар төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд 13 терминалыг хотоос гаргаж, аж ахуй нэгжүүдэд Хөшигийн хөндийд үнэ төлбөргүй газар олгох гэнэ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хот дундуур тээвэрлэдэг байсан аюултай ачаа тээврийг хотоос гаргаж байгаа нь хамгийн том үр дүн. Бид Дүнжингаравын уулзварт гарсан том ослыг мэднэ. Нэг ачааны машин осолдоход ямар том гарз хохирол учруулсан бэ гэдгийг сайн мэднэ. Аюул эрсдэлээс гадна хотын авто замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Нийслэл хотын дундуур тавигдсан төмөр зам нь 14 гармаар замын хөдөлгөөнийг хааж байдаг.
Хоногт хоёр цаг 20 минутын түгжрэл үүсдэг байсныг 20-40 минут болгон бууруулах тооцооллыг хийсэн. Цаашдаа бид төмөр замын трассыг ямар тооцооллоор хийх вэ, зорчигч тээврээ хэрхэн хийх вэ, хөнгөн галт тэргээр явуулах уу гэх мэт олон хувилбарыг судалж, тооцоолж шийдвэрээ гаргана. Үүнээс гадна нийслэл хот дотор 13 терминаль буюу ачилт буулгалтын талбай бий. Бид нэг жилийн хугацаанд энэ терминалиудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэж эхэлнэ" гэсэн юм.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төсөл хөтөлбөр, судалгааны төвийн дарга Б.Тамир шинэ төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын ажлыг баг хамт олонтойгоо хамтран хийжээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд байгаль цаг уур, бараа материалын хүрэлцээгүй байдал гээд маш олон асуудал тулгарсан. Энэ бүхэнд төслийн багийн инженер техникийн ажилчид хамтран олон шөнө нойргүй хонож, хуралдаж, гарц гаргалгааг гаргаж байсан. Энэ жил Туул гол зургаан удаа үерлэж, инженерүүдийн ур чадвар, ухаан бодлыг их сорьсон ч бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Манай компанийн зүгээс 350 тэрбум төгрөгийн бонд гаргасан бол Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилтийг авч, төслийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, 3000 гаруй шинэ ажлын байрыг бий болгосноор дотооддоо мөнгөн урсгалыг бий болгож, эдийн засгийн эргэлтэд оруулсан. Бид нийтдээ гурван өндөр гүүрэн байгууламжийг хийсэн.
Гүүрэн байгууламжийг хийхдээ Монгол Улсад анх удаа газар хөдлөлтөд тэсвэртэй, гүүрийн тогтвортой байдлыг уртасгах технологийг ашигласан. Нэг ёсондоо автомашины амортизатор шиг ажилладаг технологи гэсэн үг.
Ер нь төмөр замын гүүрэн байгууламж маш эрсдэлтэй цэг байдаг. Төв аймгийн бүс нутаг газар хөдлөлтийн эрсдэлтэй хэсэг. Тиймээс шинэ төмөр замыг барьж байгуулахдаа шинэ технологийг нэвтрүүлж, газар хөдлөлт болон ачаа тээврийн нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна гүн ухмалын хэсгийг хоёр үе шаттай хийж гүйцэтгэсэн. Ухмалын дэлгэмлийг хийхдээ нэлээд сайн алслагдмал байдлаар шаталж хийсэн. Хэрэв нуралт үүслээ гэхэд дээд тавцангуудаар нь техник ажиллуулж, нөхөн сэргээх боломжтой болох юм.Өөрөөр хэлбэл, монгол компанийн зураг төслийн инженерүүд ур чадвараа шавхаж ажилласан" тухай ярилаа.
Гэрэл зургийг Б.Батцагаан

