Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “STSM” компанитай заавал биелүүлэх гэрээ байгуулж, хоёр хайгуулын лицензийн 80 хувийг эзэмшихээр боллоо.
Завхан аймагт байрлалтай “Сант толгой” болон “Оюут” хайгуулын талбай нь зэс, никелийн өндөр агуулгатай байх өндөр магадлалтай бүс юм байна. Энэ нь “Xanadu Mines”-ийн “Horizon 3” буюу ирээдүйд эрэлттэй байх металлуудын портфелио тэлэх стратегитай нийцсэн алхам болж байгааг тус компани тайландаа дурджээ.
“Xanadu Mines” компани гол үйл ажиллагаагаа энэ оны гуравдугаар сараас эхлэхээр болсон байна.
Үүнээс өмнө тус компани БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй хамтран Монголд хэрэгжүүлж буй зэс, алтны “Хармагтай” төслийн нөөц нь 13 хувиар өссөнийг мэдээлж байсан юм. Мөн өндөр агуулга бүхий ашигт малтмалын нөөц өмнөх тооцооллоос 25 орчим хувиар өндөр гарсныг онцолж байв. Шинэ тооцооллоор “Хармагтай” төслийн ашигт малтмалын нөөц 1.3 тэрбум тонн хүрсэн бөгөөд 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алт байгааг тооцоолоод байгаа аж.
