УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2022-2023 оны Хамтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна. Өчигдөр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар ахлуулсан талууд хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай хэлэлцээг эхлүүллээ. Хурлаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн төмөр замчдын санал шаардлагыг хүлээн авч, УБТЗ-ын орлогыг хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллаж, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Талууд хамтын гэрээнд заагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн тэтгэмжид “тасралтгүй” гэсэн нөхцөлийг хасуулах болон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасны дагуу хамтын гэрээний хамрах хүрээний хязгаарыг тогтоох асуудлаар саналын зөрүүтэй байгаа юм. Иймд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дахин хэлэлцээ хийж зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхээр тохирлоо.