Хадбаатар: Ирэх онуудад 2.1 тэрбум төгрөгийн их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын ажил хийнэ
Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр УБТЗ ХНН-ийн Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн дарга Д.Хадбаатартай уулзаж ярилцлаа.
-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мэндчилгээ хүргэж, байгууллагынхаа талаар товч танилцуулаач.
-Баярлалаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн барилгын салбарын ажилчид, өдийг хүртэл энэхүү түүхийг бүтээлцсэн ахмад барилгачдадаа баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харъяа Барилга, орон сууцны алба нь замын урд, хойд, төвийн хэсэглэлийн гурван анги салбартай 1000 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулдаг томоохон алба юм. Манай Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний анги нь 15 салбар, хэсэг, цехээрээ дамжуулан Улаанбаатар, Толгойт, Багануур зангилааны 30 гаруй аж ахуй нэгж байгууллага, Агуйт зөрлөг, Багануур өртөөнөөс Ногоонтолгой өртөө хүртэл төвийн хэсэглэлийн нийт гурван тулгуур өртөө, завсарын дөрвөн өртөө, 14 зөрлөгийн 5000 гаруй төмөр замчдыг тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах, төмөр замын болон төмөр замын бус 1300 гаруй айл өрх, 100 гаруй албан байгууллагуудыг хэрэглээний халуун хүйтэн ус, дулаанаар хангах, хог хаягдал, бохир ус татан зайлуулах үндсэн үүргээ тасралтгүй нэр төртэй биелүүлсээр ирсэн 75 жилийн түүхтэй байгууллага юм. Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний анги нь тухайн үеийн удирдах газрын даргын 1952 оны долдугаар сарын 22-ны өдрийн 527 тоот тушаалаар анх байгуулагдсан ба түүхт 75 жилийн ойтойгоо золгож байна.
-УБТЗ ХНН 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласан, зорилттой холбоотой ямар ажлууд хийгдэж байна вэ?
-“Байгууллагын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд манай байгууллага Төмөр бетон эдэлхүүний үйлдвэр, Вакум цонхны үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, гадны зах зээлд борлуулалт хийх зорилт тавин ажиллаж байна. 2026 онд вакум цонхны материалыг ямар нэгэн шат дамжлагагүй худалдан авалт хийснээр нэгж бүтээгдэхүүний өртөгийг 50-60 мянган төгрөгөөр буюу 10-15 хувиар бууруулж чадсан сайн үзүүлэлттэй байна. Ер нь байгууллагын хөгжил гэдэг хүнтэй шууд холбоотой, хүн /ажилтан/ бол тухайн байгууллагын цаашдын хөгжил дэвшлийн гол түлхүүр гэж ойлгож явдаг учраас хүнээ хөгжүүлэх, дадлагажуулах ажлыг түлхүү хийж байна. Бүтээмжийг дээшлүүлэх гэдэг нь манай байгууллагын хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, зөв оновчтой шийдвэр гаргаж, үргүй зардлыг бууруулах тал дээр анхаарах гэж ойлгон хичээж явна. Манай Төмөр бетон эдлэхүүний цех нь 1987 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өнөөдөр 28 нэрийн 78 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд 2.000–2.500 шоо метр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллаж байна. 2026 оны эхний долдугаар сарын байдлаар Төмөр бетон эдэлхүүний цех нь 924.18 шоо метр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг ажилтанд 38.51 шоо метр, Вакум цонхны цех 486.34 шоо метр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг ажилтанд 243.17 шоо метрийн бүтээмжтэй ажилласан. Үүнээс гадны 10 гаруй аж ахуйн нэгжид 62.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 12 сая төгрөгийн ашиг олсон нь үйлдвэрлэлийн бүтээмж, зах зээлийн оролцоо нэмэгдэж байгааг харуулж байна.
-2026 онд хийж бүтээсэн бүтээлч ажлуудаасаа дурьдвал?
-Байгууллагын 75 жилийн ойг угтан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд даргаар батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Бидний хэлж мэдэхээр Барилга орон сууцны II анги /НГЧ-2/, Барилга үйлдвэрлэлийн нэгдэл /БҮН/ гэх хоёр тусдаа анги үйл ажиллагаа явуулж байсан ба 1952 оноос хойш есөн удаа салж нийлсэн байдаг юм билээ. Хамгийн сүүлд 2018 онд нийлж нэгдсэн нэг удирдлагатай болсон гэдэг. Миний бие ангийн даргаар томилогдож ирсэнээс хойш 2026 онд тус анги нь түүх уламжлал, алдрын танхимтай байх нь зүйтэй гэж үзэн зам, албаны удирдлагад танилцуулан 2026 оны тавдугаар сард анхны алдрын танхимыг хийж тохижуулан замын даргын үзлэгээр нээлтийг хийсэн. Мөн 2026 онд багтаан үйлдвэрүүдийг ISO стандарттай болгох талд онцгой анхаарч ангийн даргын тушаалаар баг томилон ажиллуулж байна. Энэ ажлыг манай Барилга орон сууцны алба, Техникийн бодлого, стандартчиллын алба дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.
-Материал хангамж, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээний талаар
-Манай анги нь 1987-2018 оны хооронд үйлдвэрлэсэн 26 авто машин, техник хэрэгсэлтэй бөгөөд эхний ээлжинд хог тээврийн авто машин, шуурхай ажлын хөнгөн тэргийг яаралтай солих шаардлагатай байна. 2026 оны хоёрдугаар улиралд хог тээврийн авто машиныг шинээр авах 250 сая төгрөг төлөвлөгдсөн боловч санхүүгийн хүндрэлийн улмаас хасагдсан. Бусад тээврийн хэрэгсэлийг өөрсдийн хүчээр засаж, сэлбэн ажил үйлчилгээнд явуулж байна. Ер нь цаашид үе шаттайгаар техник хэрэгслүүдийг солих, сайжруулах, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй универсаль техник авах шаардлагатай байгаа. Жишээ нь кран, хово хосолсон, зуурагчтай, өргөгчтэй, тэвштэй техник ч юм уу. Ингэснээр орон тоо, цалин хөлс, шатахуун, тос, масло гэх мэт бүх төрлийн зардлыг хэмнэх боломжтой юм.
Манай тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн Х.Ганхуяг нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нийгмийн салбарт хувь нэмэр оруулж 2025 онд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж, Төв эмнэлэгт 500 сая төгрөг, төвийн таван цэцэрлэгт тус бүр 100 сая төгрөгний үнэ бүхий компьютер, техник хэрэгсэлийг хүлээлгэн өгсөнд баяртай байна. Цаашид 2027, 2028 онуудад түүний дэмжлэг туслалцааг авч ангидаа бага ч болов хөрөнгө оруулалт хийхээр саналаа уламжлаад байна.
-Барилгын засвар хийхэд үнэ ханшийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мэдээж их нөлөөлж байгаа. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна шүү дээ. Оны эхэнд барилгын материалын үнийн судалгааг байгууллагын үнийн комиссоор судалж үздэг. Гэтэл хэдэн сарын дараа нөгөө үнэ ханш маань хэд дахин нэмэгдсэн байх жишээтэй. Үнэ ханш гэхээсээ илүү барилгын материалын төрөл загвар өдөр бүр шинэчлэгдэж байна. Энэ бүх шинэчлэлтүүд, үнийн хөөрөгдөлтэй мөр зэрэгцэж байгаа ч бид батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн төлөө манай засварын бригадын ажилчид, ажил удирдагч нар хичээн зүтгэж байна.
-Хүний нөөцийг чадавхжуулах талаар юу хийж байна вэ?
-Бусад байгууллагын нэгэн адил манайх хүний нөөцийн хувьд мэргэжилтэй ажилтны хомсдолтой байна. Хөдөлмөрийн зах зээл дээр барилгын салбарын ажилтны эрэлт ихтэй, цалин, хөдөлмөрийн үнэлгээ өндөртэй байгаа учир ажил горилогчдын сонирхолыг татах боломж бага байна. Гэвч манай төмөр зам нь ажилтны нийгмийн баталгааг хангах байдал, цалин, урамшууллын тогтолцоо нь уян хатан, ажилтныг сургаж хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр ажилтны урам зоригийг нэмэгдүүлэх, ар гэр, амьдралд дэмжлэг үзүүлэх байдлаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, 2024 онд нэг ажилтныг ШУТИС-д, 2025 онд хоёр ажилтныг УБТЗ-ын ПТК-д, 2026 онд мөн нэг ажилтан ПТК-д тус тус суралцуулж байгаа.
Барилгын мэргэжлийн ажилтан нараас жил бүрийн 4-5 дугаар сард ангийн хэмжээний бүх цахилгаанчин, гагнуурчдыг, есдүгээр сард бүх уурын зуух, ус дулаан дамжуулах төвийн машинч нарыг, 2026 оны хоёрдугаар сард мужаан дээвэрчин мэргэжилтэй ажилтан нарыг шинэ технологи ур чадварын сургалтанд хамруулсан.
Гагнуурчин Ш.Даваасамбууг 2026 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан, залуу ажилтныг дэмжин урамшуулсан.
Сул орон тоог нөхөх зорилгоор хүний нөөцийн дотоод бүрдүүлэлтээр хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, ажилтны авьяас, сонирхол, ур чадвар, өөрийнх нь саналыг дэмжиж ажилтанд хос мэргэжил эзэмшүүлэх ажлыг сүүлийн хоёр жилд зохион байгуулснаар зарим ажлын байранд ажилтныг сэлгэн, орлуулан, хавсруулан ажиллуулж байна.
Ажлын байранд ур чадварын зөрүүг арилгах, шинэ ажилтныг сургах, тогтвортой ажиллуулахад чиглүүлэх дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинэ ажилтныг туршлагатай ажилтанд дагалдуулан сургах багш шавийн гэрээ байгуулан, дүгнэж ажиллаж байна. Сүүлийн үеийн барилгуудад мембран дээвэр, уян тааз, хана таазны эко хавтан, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлд PPR хоолойг өргөнөөр ашиглах болсонтой холбоотой албатай хамтран танхимаар сургалт зохион байгуулж ажилчдыг хамруулсан.
-Ирэх онуудад төлөвлөж байгаа томоохон ажлууд, төлөвлөгөө юу байна вэ ?
Ирэх онуудад байгууллагын үндсэн хөрөнгө, барилга байгууламж, технологийн сууц болон машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор дараах томоохон их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөж байна.
Үүнд:
-
Сууцны аж ахуйн чиглэлээр Булагтай өртөө, Мааньт зөрлөг, Баян зөрлөг, Хонхор зөрлөг, Бумбат зөрлөг болон Хангай зөрлөгийн технологийн сууцны 7 барилга байгууламжид нийт 418.0 орчим сая төгрөгийн их засварын ажил
-
Нийгэм хангамж, аж ахуйн чиглэлээр Мааньт, Толгойт, Төвийн хэсэг, Ногоонтолгой зөрлөг, Аршаант зөрлөг, Хангай зөрлөг болон Багахангай зуух гэсэн 8 барилга байгууламжид нийт 650.0 орчим сая төгрөгийн их засварын ажил
-
Үйлдвэр болон технологийн барилга байгууламжийн чиглэлээр Багануур, Багахангай хэсгийн нийт 4 объектод 690.0 орчим сая төгрөгийн их засварын ажил
-
Машин механизм, тоног төхөөрөмжийн чиглэлээр ашиглалтын бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 3 авто машин, механизмд 100.0 орчим сая төгрөгийн их засварын ажил
-
Их барилгын ажлын хүрээнд механизм болон Төмөр бетон эдэлхүүний цех, конторын барилга байгууламжид нийт 140.0 орчим сая төгрөгийн их барилгын ажил
-
Төмөр бетон эдлэхүүний цехэд Зуурмагийн тогоо конвейрийн хамт шинэчлэх 90.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Ингэснээр ирэх онуудад нийтдээ 2.1 тэрбум төгрөгийн их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр ажлууд нь барилга байгууламж, технологийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, найдвартай ажиллагааг хангах, цаашдын засвар үйлчилгээний зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм. Мөн манай шугам замын ажилчдын амьдарч байгаа дан байрнууд нь 1949-1982 оны хооронд ашиглалтанд орсон 105 байр байгаагаас 73 байр нь засвар үйлчилгээ хийхэд өндөр зардалтай, эдэлгээний хугацаа дууссан, актлах жагсаалтанд орсон зэрэг хүндрэлтэй асуудлууд байна. Энэ асуудлыг замын захиргаа, албаны удирдлагуудтай хамтран цогцоор нь шийдэх боломжийг хайж байна.
-Зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Г.Энхбаатар
