УБТЗ-ын Вагоны аж ахуйн алба, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депогийн инженерүүдийн зөвлөгөөнийг арваннэгдүгээр сарын 22-нд Улаанбаатар зангилаанд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Вагоны аж ахуйн албаны дарга, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Л.Болд, Ерөнхий инженер Б.Наранбат, ахлах байцаагч А.Пүрэвбаатар болон Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер, Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер нар болон хоёр депогийн чиглэл хариуцсан ижненерүүд оролцож, 2024 оны ажлын ололт, амжилтаа ярьж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, зорилгоо тодорхойлолоо.

Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд зөвлөгөөний эхэнд  УБТЗ-ын өнөөгийн болон хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, албаны хэмжээнд  инженерүүдийн ажлын гүйцэтгэл, идэвх санаачилга, ур чадварыг сайжруулах талаар үүрэг даалгавар өглөө.

Мөн инженерүүдэд аливаа ажлын төлөвлөлт, үр дүнг тооцох, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр, Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер С.Бэхбаатар нар хоёр  депогийн хэмжээнд 2024 онд инженерчлэлийн чиглэлээр хийсэн ажил, бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус танилцуулж, УБТЗ-ын даргын А-607 тоот тушаалын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн зөвлөгөөний үеэр Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн  хос дугуйн инженер А.Баттулга “Ачааны вагоны хос дугуйн бүртгэл”-ийг цахимжуулах талаар илтгэл тавьсан нь цаг үеэ олсон сэдэв байлаа. Харин Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар ШБАЗ-ын чиглэлээр хийж байгаа ажлын явцын талаар  танилцуулав. Зөвлөгөөнд ахмад инженер Б.Доржбат урилгаар оролцож үнэтэй сургааль, зөвлөгөөгөө харамгүй хайрлалаа.  

Ташрамд дурдахад, Вагоны аж ахуйн албаны хэмжээнд одоогийн байдлаар 30 гаруй албан тушаалд  инженерүүд ажиллаж байгаа юм.

Эцэст нь, уг зөвлөгөөнд оролцсон инженерүүд ирэх онд дор дурдсан ажлыг хийхээр хэлэлцэж тохирсон байна. Тухайлбал,

  • Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа-2050” хөтөлбөр, УБТЗ ХНН-ийн 2030 хөгжлийн хөтөлбөр болон баруун, зүүн босоо, хэвтээ төмөр замын төлөвлөлттэй уялдуулан Вагоны аж ахуйн албаны хөгжлийн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулах.

  • Цахим бүртгэл, мэдээлэл судалгааны программ хийж нэвтрүүлэх төслийг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо хийж, Замын удирдлагад танилцуулах, депо тус бүрдээ программ хангамжийн хөгжүүлэлт хийх  

  • Инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, бусад гүйцэтгэх үүрэг, судалгаан дээр үндэслэн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулан мөрдүүлж, нэмэлт цалин урамшуулал олгох нөхцөлийг бүрдүүлэх,

  • Хөдөлмөрийн тухай хууль, УБТЗ ХНН-ийн дотоод журам, хамтын гэрээг үндэслэн сард хоёроос доошгүй өдрийг зориулж, бие даан өөрийгөө хөгжүүлэх

  • Жил бүр алба, депо тус бүрээс  1-2 инженерийг олон улсад мэдлэг, мэргэжил дээшлүүлэх курст сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх.

  • Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага болон шилдэг менежемент нэвтрүүлсэн байгууллагын туршлага судлах ажлыг хагас жил тутамд зохион байгуулах.

  • Вагоны аж ахуйн  албаны харьяа салбар нэгжийн удирдах болон дунд, бага тушаалын ажилтнуудыг хөгжүүлэх төлөвлөлтийг гаргаж ажиллах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж саналыг боловсруулан Замын удирдлага, албанд танилцуулах, хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.