Төмөр замд мэргэжлээрээ ажиллах хугацаандаа ТЗДС-д вагоны инженерийн ангид суралцаж буй эчнээ III курсын оюутнууд “Вагон ашиглалт, автотоормос”-ын лабораторийг сургалтын материаллаг баазаар бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө. Энэ үеэр Вагон, вагоны аж ахуйн хөтөлбөрийн ахлагч Т.Мөнхцэцэг “Вагон болон Зорчигч тээврийн албатай 2022-2023 оны хичээлийн жилд хамтран хийсэн ажлаа дүгнэж, 2024-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулсан. Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, мөн БМИҮЗ-ийн Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд бэлтгэх зорилтын хүрээнд оюутнуудтайгаа хамтран энэ ажлыг хийж гүйцэтгэлээ” гэдгийг онцлов. Тус анги 39 оюутантай, ирэх нэгдүгээр сард төгсөх аж. Зорчигчийн вагон депогийн Хос дугуйн цехийн засварчин Д.Батбилэг “Бид хамгийн түрүүнд ангид хүн ороход гэгээлэг байх нь чухал гэж үзээд цайвар өнгөөр засвар хийлээ. Тэгээд тавиур хийж, түүндээ Ачааны вагон засварын депогоос сургалтад шаардлатай жижиг 30 гаруй эд ангийг зүсүүлэн авчирч тайлбартай нь өрж тавилаа. Эдгээрийн бүтэц, техник үзүүлэлт, ажиллагааны зарчим, техологийн горимыг судлах боломжтой. Мөн ашиглалтын болон түүнд суурилагдсан эд ангиудын үзүүлэн самбарыг хичээлийн номоос сонгож хийсэн. Оюутнууд үргэлж ном цүнхэлж, эсвэл номын санд сууж чаддаггүй. Тиймээс шаардлагатай цахим номуудыг QR код ашиглан гар утаснаасаа унших боломжийг бүрдүүллээ. Вагоны явах анги, ниших татах байгууламж, автоугсраа, тэвш, автотоормос гэх мэт үндсэн эд ангиуд, түүний зангилаа хэсгүүдийн салгалтгүй урсгал засвар үйлчилгээний 80 гаруй технологийг QR код уншуулан шууд ашиглаж, биет зүсэлттэй македууд дээр ажиллах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр хүн бүр гартаа номтой боллоо гэсэн үг. Түүнчлэн, ангид өмнө нь байсан хос дугуйг сэргээж, хөдөлгөөний үед илэрдэг гэмтлүүдийг зохиомлоор хийж өглөө. Хос дугуй болон авто угсрааг доор нь балласттайгаар тохижууллаа. Үүнээс гадна манай ангийнхан гадна сургалтын полигон дахь ачаа болон зорчигчийн вагоны өнгийг сэргээж, цахилгаан холболтуудын ажиллагааг хэвийн болголоо” хэмээн танилцуулав. Энэ үеэр вагоны багш нар тус ангийнханд талархал илэрхийлсэн юм. Мөн Вагоны аж ахуйн албаны Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Н.Наран “Энэ ангид манай ТҮГ-уудын олон дарга, удирдлагууд суралцаж байгаа. Эд нар маань ангиа маш сайхан тохижуулсныг харах сайхан байна. Ер нь, цаашид ТЗДС-ийн эчнээ ангийнхан вагоныхон шиг ангиа тохижуулж өгдөг уламжлал тогтвол дээд сургуулийн сургалтын бааз өргөжиж, иж бүрэн полигонтой болох нь. Энэ тохижуулсан ангид ирээдүйн вагончид суралцана. Тиймээс хойч үеийнхнээ илүү сайн сургахад материаллаг бааз бүрдүүлж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.