Вагоны аж ахуйн алба шинэчлэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо энэ сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлыг тус албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, техникийн ухааны доктор Л.Болд нээж нийт вагончдодоо баяр хүргээд “Манай алба 2005 оноос хойш өнөөг хүртэл УБТЗ-ынхаа тээвэрт оруулсан үр ашиг, хийсэн томоохон ажил, хамт олныхоо санаачилсан бүтээлийг дүгнэж, нийт төмөр замчдадаа танилцуулж байна. Өнөөг хүртэл гаргасан амжилтад маань салбар яам, УБТЗ-ын захиргаа, нийт төмөр замчин, тээврийн салбарынхны үзүүлсэн дэмжлэг туслалцаа нь бидний ажлын хамгийн гол урам зориг нь байсан. Манай Ачааны вагон засварын депогийн чадварлаг инженер, техникийн ажилтнууд ачааны таван вагоныг Монгол Улсдаа анх удаа 2017 онд угсарч, тээвэрт нийлүүлсэн. Тэгвэл 2024 онд УБТЗ-ын 75 жилд зориулан хувийн хэвшилтэй хамтран ачааны хагас вагоны бүх эд ангийг дотооддоо үйлдвэрлэн угсарлаа. Ер нь, манай инженер, техникийн ажилтнууд өөрсдийнхөө хэрэглэж буй техник хэрэгслийг бий болгох, бүтээх түвшинд хүрчээ гэдгийг харууллаа” гэсэн юм.
Тус албаны харьяа Вагон ашиглалтын депогийн ТҮГ-ууд болон Ачааны вагон засварын депогийн хамт олон УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцдог өөрийн болон хувийн хэвшлийн ачаа тээврийн 15 мянга орчим, зорчигчийн 260 гаруй вагоны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажилладаг билээ. УБТЗ ХНН сүүлийн жилүүдэд ачаа тээврийн түүхэн шинэ дээд олон амжилт тогтооход вагончдын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг баярын хурлын үеэр Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр онцлоод хамт олноо хошуучлан ажиллаж, амжилт гаргасан вагончдын төлөөллийг шагнасан юм. “Төмөр замчны алдар” тэмдгээр Вагоны аж ахуйн албаны орлогч дарга Б.Түвшинтөр, Вагон ашиглалтын депогийн дарга Б.Азжаргал, вагон хариуцсан байцаагч Б.Жамсран, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр албаны тоног төхөөрөмж, их засвар хариуцсан инженер М.Мөнхбаяр, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр авто тоормосын зааварлагч Б.Билгүүн, ашиглалт, мэдээлэл хариуцсан инженер А.Оюунжаргал нарын энгэрийг мялаалаа.
