Нүүр Тэмдэглэл -Үзлэгийн тэмдэглэл
Тэмдэглэл

-Үзлэгийн тэмдэглэл

G.Press 1 жилийн өмнө 144 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замын даргын үзлэгийн комисс төвийн хэсэгт энэ сарын 13-15-ны хооронд ажиллаж, төмөр замчдын зуны тээврийн бэлэн байдлыг шалгалаа.

 

Хөдөлгөөнтэй шууд холбоотой аж ахуйн нэгжүүдийн ажлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковоор ахлуулсан комисс, нийгмийн чиглэлийн салбар нэгжийн ажил үйлчилгээний чанар, үр бүтээлийг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан комисс уламжлалын дагуу шалгасан юм.

 

Зорчигч Амгалангийн зорчигчийн тавцанг сунгаж өгөхийг хүслээ

 

Төвийн хэсгийн үзлэгийн салхийг хагалсан Амгалан өртөөний хувьд оны эхний дөрвөн сард ачилтын төлөвлөгөөг 108.7 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38.3 хувиар давуулсан үзүүлэлт аж. Харин буулгалтын төлөвлөгөө 72.84 хувиар биелсэн нь Амгалан дулааны станцын нүүрсний буулгалт буурсантай шууд холбоотой гэж тайлбарлалаа.

Өнгөрсөн үзлэгээр тус өртөөний авто машины зогсоол руу буудаг шатны дэргэд тэргэнцэртэй иргэд зорчих налуу зам хийх үүрэг өгснийг биелүүлжээ. Энэ өртөө нь хотын зүүн бүсийн зорчигч үйлчлүүлэгчид байнга үйлчлүүлдэг өртөө учраас авто машины зогсоолыг хатуу хучилттай болгох зорчигчийн тавцанг сунгах зэрэг зайлшгүй ажлууд байгааг комисст танилцуулсан юм. Үзлэгийн комисс тус өртөөнд ажиллах үеэр нэгэн зорчигч эмэгтэй Замын-Үүдийн урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний сүүлийн вагонууд зорчигчийн тавцангүй газар зогсдог нь ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд ачаа бараагаа зөөхөд нь тун хүндрэлтэй байгааг хэлж, зорчигчийн тавцанг сунгаж өгөхийг хүссэн юм.

Уг нь, энэ өртөөний зорчигчийн тавцанг 85 метрээр сунгах ажил төлөвлөгөөнд орсон яваа дуулдав. Оны эхний дөрвөн сараар тус өртөөний зорчигч тээврийн төлөвлөгөө 122.4 хувиар, орлогын төлөвлөгөө нь 135.2 хувиар биелсэн дүнтэй гарчээ.

Мөн комисс Худалдан авалт, борлуулалтын албаны харьяа Амгалан дахь агуулахын ажилтай танилцах үеэрээ Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков 2018-2023 оны хооронд худалдаж авсан ч өнөөг хүртэл төмөр замын байгууллагууд авахгүй байгаа сэлбэг материалын борлуулалт яагаад удаан байгаагийн учир шалтгааныг олж тогтоох. Түүнчлэн салбар нэгжүүдэд ийм сэлбэг материал бэлэн байгаа гэсэн мэдээллийг хүргэж, борлуулан агуулахын үлдэгдлийг бууруулах, хэрэв төмөр замын аж ахуйн нэгжүүд хэрэглэхгүй бол зах зээлд зарж борлуулах, бүр борлогдохгүй бол актлах арга хэмжээ авахыг Худалдан авалт, борлуулалтын албаны  дарга Б.Ууганбаярт үүрэг болгов.

Харин Төв засварын үйлдвэрийн дарга үзлэгийн комиссыг байгууллагын бүх ажилтны хамт угтаж, “Манай залуусын шагналт цалинг 40 хувь болгож өгөөч” гэх хүсэлтийг тавьсан юм. Учир нь, цалин бага учир ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байна гэж үйлдвэрийн дарга тайлбарласан. Мөн Төв засварын үйлдвэрийн түүхий эдийн нөөц багассан хэзээ мөдгүй ажил зогсох нь гэдгээ учирлана билээ.

 

Замчид чамгүй ажил амжуулжээ

 

Замын II ангийн Д.Алтангэрэл даргатай хамт олон оны эхний дөрвөн сард багагүй ажил амжуулснаа үзлэгийн комисст илтгэсэн. Тэд хаврын паспортын үзлэгээр ангийн хэмжээнд нийт солих шаардлагатай 11476 ш дэр байгааг илрүүлжээ. Гэтэл тус анги өөрийн нөөцөд байсан 11033 дэрийг солиод цаана нь 443 ширхэг дэр нэмж авах шаардлагатай байгаагаа илтгэв. Тавдугаар сарын 12-ны байдлаар 8828 дэрийг сольсон бөгөөд үлдсэн 2205 дэрийг энэ сарын 20-ны дотор сольж дуусах аж. Түүнчлэн, тус хамт олон хэд хэдэн томоохон хүн хүч шаардсан ажил хамтын хүчээр амжилттай хийжээ. Тухайлбал, Улаанбаатар өртөөний сум №33-т төмөр бетон ялуу бүхий Р-65 маягийн суман шилжүүлэг шинээр тавьсныг үзлэгийн комисс газар дээр нь үзлээ.

Мөн Толгойт өртөөний хуримтлалын гуравдугаар зам барих их барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.  Мөн Давааны-Эмээлт хоорондын замын 374 дүгээр км-ийн тавдугаар зуутаас 375 дугаар км-ийн хоёрдугаар зуут хооронд бага радиустай тахирт 350 модон дэр сольж, цариг тууш хадах ажил хийжээ. Түнх-Шатан хоорондын замын 288-289 дүгээр км хоорондын бага радиустай тахирт АРС бэхэлгээтэй 2150 ш төмөр бетон дэр тууш солих ажлыг гүйцэтгэсэн аж. Ийнхүү тус ангийнхан замын арчлалт засварын ажлыг амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ 2025 оны зорилтын хүрээнд ажилтнуудын дунд сургалт, зөвлөгөөнийг олон төрлөөр зохион байгуулж ажилтнуудаа сургах, идэвхжүүлэх, урамшуулах олон талт ажил хийж байна.

Түүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Агуйт зөрлөгт Замын ангийн залуучуудын нэрэмжит ногоон төгөлд 6200, Багахангай өртөөний Алсын худагт байрлах “Төмөр замчдын ногоон төгөл”-д 1500, Хангай зөрлөгт байрлах “Ахмадуудын төгөл”-д 2900, шугам замын хэсгүүддээ нийт 900 мод тус тус тарьжээ. Үзлэгийн комиссоос тус ангийнхан Толгойт өртөөний хуримтлалын зам болон, Багахангай-Багануур хоорондын замын өргөлтийн засварт ажилласан замчдын илүү цагийн хөлсийг төсөвт өртөгт нь багтаан олгохыг хүслээ. Мөн Багахангай-Багануур хоорондын замд төлөвлөсөн 20 км замын засварт модон дэрийн хангалт хүлээгдэж байна гэв. Тухайн хэсгийн тэнцэхгүй дэрийн эзлэх хувийг 15 хувь  болгон бууруулахад 3200 ш модон дэр шаардлагатай байна. Түүнчлэн, Улаанбаатар-2 өртөөний II замд чигжээс эрүүлжүүлэх засварын ажил төлөвлөх шаардлагатай. Өртөөний бусад ХАЯ замууд байнга эзэлгээтэй байдаг тул II зам нь гол замын үүргийг гүйцэтгэж байнгын ачаалалтай байдаг. Тиймээс замчдынхаа хүчээр зургадугаар сард 600 ш бетон дэр сольж, 1:1 схемээр хүчжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Илүү цагийг улам бууруулах даалгавар өглөө

 

Улаанбаатар Татах хэсгийн эхний улирлын тоон ба чанарын үзүүлэлт 98-107 хувиар биелжээ. Засварын төлөвлөгөөний биелэлт 98.1 хувьтай, 108 илчит тэрэг засварлахаас 106-г засварлажээ. Хөдөлмөрийн бүтээмж биелсэн, өөрийн өртгийг бууруулж ажиллажээ. Тус депогийн хувьд хүний нөөцийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа ч зүтгүүрийн бригадын илүү цагийг бууруулах чиглэлээр нааштай үр дүнтэй ажиллаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, энэ оны эхний улиралд илүү цагийг өмнөх оны мөн үеэс 12836 цагаар бууруулсан байна. Гэсэн хэдий ч тус депогийн хувьд хос дугуйнаас шалтгаалсан хүндрэл үүсээд байгаа аж. Учир нь, хос дугуйн бандааж зордог Япон улсад үйлдвэрлэгдсэн машин нь эвдэрсэн байна. Анх суурилуулснаас хойш 29 жил ашигласан уг машиныг засварлаж чадахгүй байгаа аж. Ийм төрлийн Германд үйлдвэрлэгдсэн машин шинээр худалдаж авъя гэхэд 12.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа гэлээ. Тэгэхээр хуучин машинаа яаралтай засварлах арга зам хайхаас өөр гарцгүй болжээ.

Мөн тус депогийн Цахилгаан машины цехийн их барилгын ажил эхэлжээ. Барилгын ажлыг наймдугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй аж. Харин доторх тоног төхөөрөмжийн тендер тавдугаар сарын 31-нд нээгдэх гэнэ.

Зүтгүүрийн паркыг зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэгт 56 илчит тэрэг орох төлөвлөгөөтэйгөөс үзлэг очсон өдөр 41 илчит тэрэг засварт орчихсон. Эдгээрээс 34 илчит тэргийг бэлэнд өгчихсөн хаврын комиссын үзлэг үндсэндээ 60.7 хувийн биелэлттэй үргэлжилж байна. Комиссын үзлэгийг төлөвлөгөөний дагуу зургадугаар сарын 5-ны дотор дуусгана гэж танилцууллаа.  Эцэст нь, үзлэгийн комиссын дарга тус депогийнхны ажлын үзүүлэлттэй танилцаад ажилчдын илүү цагийг улам бууруулах үүрэг даалгавар өгсөн юм.

 

Илүү цагийг бууруулжээ

 

Өнгөрсөн намрын үзлэгээр ажилчдын илүү цагийн асуудал үзлэгийн комиссынхны хараанд өртөж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж илүү цагийг бууруул гэдэг үүрэг даалгавартай үлдсэн Улаанбаатар өртөөнийхөн даалгавраа тодорхой хэмжээнд биелүүлснээ танилцууллаа. Тус өртөөнийхөн сул орон тоонд шинэ ажилтнуудыг авч, хэсэглэлийн өртөөдийн ажлын ачаалалтай уялдуулан зарим өртөө зөрлөгийн ачаа тээврийн ажилтнуудыг дуудлагаар ажиллах зохион байгуулалтыг хийсэн зэрэг нь илүү цагийг бууруулахад голлон нөлөөлсөн байна. 

Харин тус өртөөний тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелэхгүй яваа аж. Энэ нь ачаа тээврийн хэмжээ буурсантай холбоотой гэнэ. Тиймээс өртөөний зүгээс тээврийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэсэглэлийн ачилт буулгалт хийдэг өртөөдөд очиж, газар дээр нь үйлчлүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулжээ. Гэсэн хэдий ч ажил төдийлөн нэмэгдэхгүй байгаа гэнэ.

 

Ажил чухал ч...

 

Зорчигчийн вагон депогийнхон уг нь үзлэгийн комиссыг хийсэн ажилтай угтсан. Караокены вагоноо засварласан, хүүхдийн вагон шинээр тохижуулсан, нийтийн вагонд их засвар хийсэн, зорчигчийн вагоныг GPS-д холбосноор өртөө зөрлөгийг зорчигчдод зарлан мэдээлдэг болсон зэрэг бүтээлч, шинэлэг ажил арвинтай угтсан. Гэвч үзлэг ирэхийн өмнөх өдөр тус депогийн нэг ажилтан вагон дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаад өндрөөс унаж хоёр хөлөө хугалсан үйлдвэрлэлийн осол гарсан нь тэднийг зэм сонсохоос аргагүйд хүргэв. ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан “Яг ийм осол тус депод давтан гарч байгаа нь туйлын хариуцлагагүй, тэр тусмаа дунд шатны хяналт суларсантай холбоотой хэмээн дүгнэлээ. Хэдийгээр илтгэх хуудсан дээр ХАБЭА-н чиглэлээр олон ажил хийсэн, Аюулгүй байдлын соёлын сургалтад 1000 гаруй ажилтнаа хамруулсан гэж танилцуулж буй чинь танайд энэ ажил үр дүнгүй, зөвхөн цаасан дээр явж байна гэж дүгнэхээс өөр аргагүй” байна гэж зэмлээд авсан. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээс ч депогийнхон хатуухан шүүмж сонссон билээ.

Толгойт өртөө

 

1900-1949-ийн тасалбар худалдаалалт, буцаалтыг зорчигч тээвэрт нь шилжүүлэх үү?

 

Дохиолол холбооны II ангийнхан оны эхний дөрвөн сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмтлийн тоог хоёр нэгжээр, гэмтэл үргэлжлэх хугацааг 26 минутаар, ачааны галт тэрэгний зурмагийн тасалдлыг нэг нэгжээр, зурмагаар гаргасан хугацааг 0.4 минутаар, гологдлыг нэг нэгжээр, торгуулийн баллыг 55 нэгжээр тус тус бууруулж ажилласан байна.

Оны нэгдүгээр улиралд ашиглалтын хэсэг 158.9 сая төгрөгийн ашигтай, хөдөлмөрийн бүтээмж 0.9 хувиар өссөн байна.

Нэгдүгээр улиралд 1900-1949 лавлах утасны орлого, тасалбар худалдаалалтын орлого нийлээд 129 орчим сая төгрөгийн орлого олжээ. Тус лавлах утсаар тасалбарын буцаалтыг хийдэг болсон нь лавлах утасны операторууд төдийгүй, санхүүгийн ажилтнуудад багагүй ачаалал нэмж байгаа талаар ангийн удирдлага танилцууллаа. Жил гаруй хугацаанд гурван тэмбум орчим төгрөгийн тасалбарын буцаалтыг хийсэн байна. Тус ангийнхан цаашид энэхүү тасалбар худалдаалалт буцаалтын утасны үйлчилгээг Зорчигч тээврийн албаныхан авбал өгөхөд бэлэн байгаа бололтой. Андуураагүй бол 1900-1949 лавлах үйлчилгээ оргил үедээ тэрбум орчим төгрөгийн орлоготой ажиллаж байсан санагдана.

Түүнээс гадны тус ангийн Шалган турших тасгийн ИТА-чид галт тэрэгний хөдөлгөөний ойртолтыг мэдээлэх зөөврийн төхөөрөмжийг хийснээ үзлэгийнхэнд үзүүллээ. Энэхүү төхөөрөмж нь хоорондын замд их засвар болон сэргээн босголтын ажлын үед ямар ч нөхцөлд ашиглаж төмөр замчдын аюулгүй байдлыг хангахад зориулагдсан байна. Энэ мэт тус ангийнхан шинийг сэддэг бүтээдэг, бүтээлч хамт олон гэдгээ үзлэг бүрээр нотлон харуулдаг билээ. Тэдний ШБАЗ-т үзлэгийн комиссынхан сэтгэл хангалуун байлаа.

 

Тариф бууруулаад өгөөч гэв

 

АБТЭМА-ийн хувьд ажил дундарсан, орлого буурсан, үйлчлүүлэгч байгууллагууд нь цөөрсөн гэх тайлбартай үзлэг угтсан. Үүнийгээ тэд зарим тариф өссөнтэй холбоотой гэж тайлбарлалаа. Учир нь, Амгалан, Толгойт дахь терминалын задгай талбайгаа үйлчлүүлэгч байгууллагуудад түрээсэлж ачааг нь буулгадаг байсныг санхүүгийн шалгалтын байцаагч нар хашаатай талбай гэдгээр төлбөрийг ав гэж үнийг өсгөснөөр үйлчлүүлэгчид 50 хүртэл хувиар буурсан гэж тайлбарласан юм. Тиймээс тарифыг бууруулж өгөөч гэдэг хүсэлтийг комисст тавьсан. Үзлэгийн комиссын дарга “Тариф бууруулж, алдагдлаа бууруулж, ашиг олно гэдэг чинь оновчтой гарц биш. Цаашид ажил буурсан хэвээр алдагдалтай байсаар байвал орон тоог цомхотгох хүртэл арга хэмжээ авахад хүрнэ. Ажил ч бага байхад удирдах түвшиний ажилтнууд өрөөндөө суугаад цалингаа бүтэн авч байгаа чинь зүйд нийцэхгүй. Ажил нь багассаар байтал 4.0 тэрбум төгрөгөөр кран авах тухай ярьж байдаг” гэж хатуухан сануулга өгсөн юм.

Түүнчлэн, 32 тоннын краныг 24 тонноор хязгаарлаад хоёр жил шахам ажиллуулж буйгаа танилцууллаа. Үзлэг бүрээр крануудын засварын тухай хөндөгддөг ч ажил хэрэг болоогүй л байна. Зардал бууруулах чиглэлээр эрчим хүч, түлшний зардал хэмнэснээс өөр гарц шийдэл олоогүй бололтой. Мөн ангийн хашааны баруун хойно шинэ гарцтай болбол хашаан доторх түгжрэлийн асуудлаа шийдэх боломжтой гэдгээ танилцууллаа. Тус ангийнхан үйлчлүүлэгчдийн зөвлөгөөнөө хийсэн, одоо задгай талбайн түрээсийг бууруулчихвал ажил нэмэгдэж, орлого ашиг өснө гэсэн хүлээлттэй л сууна. 

 

Сайны жишээ олон байлаа

 

Зорчигч тээврийн төвийн тасалбар худалдаалах төв их засвар хийж, гэрэл гэгээ гийсэн, ая тухтай орчныг бүрдүүлсэн нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Үзлэгийн комисс ажиллах үеэр нэгэн зорчигчоос сэтгэгдлийг нь сонсоход “Намайг С.Манат гэдэг. Би Баян-Өлгий аймгаас ирсэн. Төмөр замаар жилдээ ганц хоёр удаа л зорчдог. Өнгөрсөн наймдугаар сард ирснээс хойш вокзал маш гоё болжээ. Ингэж тухтай сууж байгаад тасалбараа авдаг болсон байна. Маш цэвэрхэн байна. Би сая Замын-Үүд орох тасалбар авлаа” гэв. Тасалбар худалдаалах цонх бүрийн дэргэд мөн нэгдсэн цэгт гар утас цэнэглэх цэг нээсэн харагдана.

Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан киоск машин шинээр суурилуулсан байна. Вокзалын угтах үйлчилгээний ажилтан хүмүүс онлайнаар тасалбар авахдаа он сар өдөр, явах галт тэрэгний дугаараа андуурах тохиолдол нэлээд байна. Тийм зорчигчид нэлээд ирж, кассын нярвуудад ханддаг гэв.

Үүнээс гадна Улаанбаатар ЦХА дан эрчүүд ажилладаг гэхэд шил толь шиг цэвэр цэмцгэр, тохитой угтсан. Зарим байгууллагынхан тус ангиар ороод гарахад гэмгүй л санагдсан. Үүний зэрэгцээ Замын албаны харьяа Сургалтын төвийн сургалтын байр, амрах байранд засвар хийгдэж, ёстой тохилог, тухтай орчин бүрдсэн байна.

Мөн үзлэгийнхнийг шинэлэг бүтээлтэй, сэдэж санаачилсан ажилтай угтсан хамт олны нэг нь ЭХУХ-ийн I ангийнхан байв. Тус ангийн залуусын хийж бүтээсэн ажлын талаар дараа тусгайлан сурвалжилъя гэх бодол төрсөн билээ.

 

 

Б.Гүнжээ

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.