Нүүр Томилолт Үзлэгээс үзлэгийн хооронд
Томилолт

Үзлэгээс үзлэгийн хооронд

G.Press 1 жилийн өмнө 119 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замын даргын хаврын үзлэг урд хэсэглэлд энэ сарын 19-24-ний өдрүүдэд боллоо. Үзлэгийн комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахлан ажиллалаа. Үзлэг Замын-Үүд зангилааны зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдал, төлөвлөгөөт үзүүлэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаж, шийдвэрлэвэл зохих асуудалтай танилцсанаар эхэллээ.

Замын-Үүд нь оны эхний улирлын байдлаар өргөн царигаар 1899 галт тэрэг хүлээлгэн өгсөн ба хоногийн дундаж галт тэрэгний тоо 15.8, нарийн царигаар 7.1 хос галт тэрэг байна. Өмнөх оны мөн үетэй  харьцуулахад өргөн цариг 44 галт тэрэг, 5022 вагон, 132172 тонноор өссөн, нарийн цариг 68 галт тэрэг, 4892 вагон, 59087 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

“Зангилааны хэмжээнд батлагдсан орон тоогоор нийт 353 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстойгоос 340 ажилтантай  ажиллаж байна. Оны эхний улирлын байдлаар илүү цагаар болон баярын өдрүүдэд нийт 8546 цагийн нэмэгдэл хөлс буюу 357.6 сая төгрөг ажилтнуудад олгосон нь өмнөх онтой харьцуулахад 1649 цагаар буурсан үзүүлэлттэй байна. Замын-Үүд өртөө нь оны эхний дөрвөн сарын байдлаар осол, осолд дөхсөн тохиолдолгүй ажиллаж байна.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг эрчимжүүлэх, технологийн мөрдөлт, аюул, осолгүй ажиллах арга барилыг сайжруулах, зорилгоор 2025 онд 24 заалттай төлөвлөгөө боловсруулан, ҮЭХ-той хамтарч жил үргэлжлэх уралдаан зарлаж цех бүрээр дүгнэн ажиллаж байгаа” гэж Замын-Үүд зангилааны дарга Ч.Сугирбаатар  үзлэгийн комисст танилцууллаа.

Үзлэгийн үеэр Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй Замын удирдлага Замын-Үүд сумын ерөнхий боловсролын III сургуулийн сурагчидтай уулзаж, тус нийгэмлэгийн бахархам түүх, төмөр замчны мэргэжлийн онцлог, уг мэргэжлийг эзэмших боломж зэргийн талаар ярьж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Үзлэгийн комисс Замын-Үүдээс Сайншанд хүртэлх бүх өртөө зөрлөгөөр үзлэг шалгалт хийх үеэр Долоодын хөндий зөрлөгийн орон сууцны халаалтыг цахилгаанаар шийдвэрлэсэн нь сайшаалтай ч төлбөр нь хэт өндөр гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, Өргөнд баригдах зохицуулалттай гармын барилгыг чанартай хийж гүйцэтгэх гэх мэт асуудал хөндөгдөв.

Үзлэгийн гурав дахь өдөр нь Сайншанд зангиалаа, Зүүнбаян өртөөнд ажиллалаа. Сайншанд зангилааны 2025 оны ачилтын төлөвлөгөө 89 хувийн биелэлттэй явж байна. Энэ бууралт нь Таван толгой түлш ХХК энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд  чулуун нүүрсний  сайжруулалт хийж байгаатай холбогдуулан нүүрс ачилт хийгээгүйгээс шалтгаалсан байна. Харин буулгалт 124 хувийн биелэлттэй байна. Ингэж хэсэглэлийн хэмжээнд буулгалтйн төлөвлөгөө өсөхөд нөлөөлөхөд Сайншанд өртөөгөөр бууж байгаа дизелийн түлш, Хонгорын овоо өртөөнд буусан төмрийн хүдэр, Өргөн өртөөнд буусан нүүрсний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм байна. 

2025 оны эхний улирлаар хэсэглэлийн хэмжээнд нийт 10.5 тэрбум төгрөгийн тээврийн орлого бүрдүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 634.9 сая төгрөгөөр буурсан байна. Энэ нь дээр дурдсан Тавантолгой түлш ХХК-ний  нүүрс ачилт хийгээгүйгээс шалтгаалжээ. Нөгөө талаас шинээр үйлдвэр , аж ахуйн байгууллагуудын дизелийн түлшний агуулах баригдсанаар буулгалтын ажил ихэссэн нь голлон нөлөөлсөн байна.

Хүний нөөцийн хувьд нийт оролт гаралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан байна. Өнгөрсөн оны мөн үед өөрийн хүсэлтээр 12 ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байсан бол энэ онд 50 хувиар буурсан.  Энэ нь “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд үр дүнгээ өгч байгаагийн нэг илэрхийлэл юм.  

Үзлэгийн комисс Сайншанд зангилаанд ажиллахдаа Замын IV анги, Эрчим хүч, ус хангамжийн II анги зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн ажлыг шалгаж, энэ оны төлөвлөгөөний биелэлт, ХАБЭА, тулгамдсан асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Мөн УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа "Хараацай" цэцэрлэгийн хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхон, хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.

Үзлэгийн комисс Үндэсний шинэ төмөр замын сүлжээтэй хил залгаа холбогддог Зүүнбаян өртөөний зам сум, холбоо дохиолол, эрчим хүчний найдвартай хэвийн байдал, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгалаа. Тус өртөө нь зуны тээвэрт бэлэн байна. Ажил дүгнэх уулзалтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл Сайншанд-Зүүн баянгийн чиглэлд зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээх, замчдын хүүхдүүдийг тээвэрлэх зориулалттай сургуулийн автобустай болгох, замчдын хотхоны орон сууцны барилгын дулаалга,  тохижилтын ажлын зураг төслийг хийж өгөхийг хүслээ. Замын нэгдүгээр орлогч дарга эдгээр асуудлыг судалж шийдвэрлэнэ гэв.

Замын даргын үзлэгийн үеэр Цомог зөрлөгт зам засварын цонхны ажил таарлаа. Энэ оны тавдугаар сарын 6-наас зам засварын цонх ажил эхлээд байгаа ажээ. Энэ жил гол замд 34 км зам шинэчлэлтийн ажил хийх юм. Одоо 14 км замд ашиглах материал газар дээрээ буугаад байгаа гэнэ. Энэ ажилд замын ангиудаас 30 замчинг нэмж, нийтдээ 72 замчин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлар гурван цонхонд, 3700-аад погон.метр зам засварын ажил хийгээд  байгаа ажээ. “Энэ жилээс УБТЗ-ын зураг, төслийн төвтэй хамтран  JPS багаж ашиглан замын тэнхлэг, суурь бүтцийн зузааныг хэмжин ажиллаж байгаа нь зам засварын чанарт эерэгээр нөлөөлж байна” гэж  Зам засварын машинт станцын дарга Л.Жаргалсайхан хэллээ.

Зам засвар, цонхны ажилд амжилт гаргасан замчдаа мөнгөн шагналаар урамшуулж байгаагаа Замын нэгдүгээр орлогч дарга мэдэгдсэн нь халуунд халж, хүйтэнд хөрж явдаг, хатуу хөтүү бүхнийг нуруундаа үүрч явдаг замчдын урам зоригийг сэргээсэн шийдвэр байлаа. 

 Замын даргын үзлэгийн үед замчдын илүү цаг, орон тооны асуудал нэлээд хөндөгдөв. Түүнчлэн ачаа тээврийн хэмжээ буурч, орлого дундарч байгаа үед зардал хэмнэх, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах нь чухал байгааг онцолж байлаа. Ийнхүү урд хэсэглэлийн үзлэгийн үеэр хөндөгдсөн асуудлуудыг Замын даргын тушаалд тусган шийдвэрлүүлэхийг Замын нэгдүгээр орлогч дарга  О.А.Казаков холбогдох албаны дарга, зангилаадын удирдлагуудад тухай бүрт нь үүрэг болгож байлаа. Үзлэгээс үзлэгийн хооронд замчдын ажил үйлс өөдрөг байж, амьдрал ахуй нь сайжирч байгаа нь харагдаж байлаа.

 

 

Г.Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.