Нүүр Бүтээн байгуулалт Үүрэг хүлээсэн цагт...
Бүтээн байгуулалт

Үүрэг хүлээсэн цагт...

G.Press 3 жилийн өмнө 139 үзэлт 0 сэтгэгдэл

 

Манай сурвалжлах хэсэг үүрийн гэгээтэй уралдан давхисаар ЗЗМС-ынхны ажлын талбарт хүрэв. Өвлийн наран илч муутайхан ёлтойж, өвгөн бутны үзүүрт өтгөн цан бууралтана. Зэгсэн цагаан дэрс салхины аясаар нахилцах төдийдөө тас хөлдөж, нүд алдам уудам тал галт тэрэгний нүргээн дунд дагжтал чичирэх шиг цайвалзана.Температур хэмжигч -20 хэмийг заах хэдий ч машинаас буух хооронд сормуус цантан, хацар жиндэнэ. Таван минут хэртэй гадна зогсоход л савхин бээлийтэй гарын үзүүр хайрагдаж, ноосон малгай нэвт сэнгэнэн толгой хага ташина.  Салхи нөмөрлөх толгод бүү хэл хунгар хурах сондуулгүй нүцгэн талд өвлийн жавар ингэж мэдрэгддэг аж. Ёстой л хүн бүү хэл адгуусны ч чөмөг царцаам энэ жихүүн өглөө хөдөлмөрийн багаж харшилдаж, залуусын дуу хэмнэл нийлүүлэн цуурайтна. Уур манан савсуулсан энэ л өрнүүн ажлын талбарт хамтын зүтгэл, халуун сэтгэлээрээ жигүүрлэн хөдөлмөрлөж буй хүмүүс бол ЗЗМС-ын замчид...

   Тэд төмөр замын салбарын түүхэнд шинэ цагийн хөгжлийн шанг татахаар зогсолтгүй ажиллаж буй нь энэ. Эдүгээ 73 жилийн түүхтэй өвгөн замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, ирээдүйгээс түүчээлэх их хөсгөн цувааны харгуйг илүү дардан болгохын төлөө, орчин цагийн залуу төмөр замчдадаа ажил мэргэжлийг нь улам өнгөлөг, бахдам амжилттайгаар хүлээлгэж өгөхийн төлөө ийнхүү өвлийн хүйтэн, цагийн бэрхшээлийг үл ажран зүтгэж байна. Тэдний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Замын-Үүд-2-Шаргын-Овоо өртөө хооронд 14.2 км хос замаар холбогдож, өмнөд хөрштэй солилцох ачаа барааны хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэх юм. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Замын захиргаа 2022 онд их засварын ажил төлөвлөж чадаагүй. Гэхдээ ЗЗМС-ын хамт олон мөн оны наймдугаар сараас эхлэн “MTL”компанийн захиалгаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд туслан гүйцэтгэгчээр оролцож,щебень буулгах, балласжуулах, ВПО машинаар өргөж чигжих, ВПР машинаар чигжиж, чиг татах ажлыг арванхоёрдугаар сарын 01 хүртэл хийжээ. Улмаар тухайн ажлынхаа хөлсөнд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын замын бүтээн байгуулалтад хэрэгцээтэй зам төмөр, хавчаар боолт зэргийг авсан байна.

 

Энэ тухайд ЗЗМС-ын дарга Д.Батбаатар “Манай хамт олон Хангийн төмөр замын бүтээн байгуулалтаас буугаад л энэ зам дээр үргэлжлүүлэн гарсан. Арванхоёрдугаар сарын 06-27-ныг хүртэл таван удаагийн үндсэн цонхонд төлөвлөсөн ажлаа бүрэн дуусгалаа. Үе тавих үндсэн цонхны ажлаас гадна балласжуулах, ЛБ, ВПО ажиллах гэхчлэнгээр дараагийн өдөр нь үргэлжлүүлээд цонх авах байдлаар явсан. Нийт 130 гаруй хүний хүчээр ажиллалаа. БНХАУ-д үйлдвэрлэсэнTB-60 маркийн зам төмөр тавьсан. Хил гаалийн хорио цээр зэргээс шалтгаалж, зам төмөр, хавчаар боолтынх нь хангалт оройтсон учраас бидний ажил нэлээд хожуу эхэллээ. Хүйтэнд ажиллах үед техник хэрэгслийнхээ найдвартай ажиллагаанд нэлээд санаа зовж байлаа. Учир нь, замын их засварт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд маань голцуу гидр ажиллагаатай. Тухайн машинуудын техник ашиглалтын заавраар бол -10 хэмээс дээш нөхцөлд ажиллуулахыг хориглодог заалттай. Гэсэн ч бид өмнөх ажлаа дуусгахын тулд гидрийн шингэнүүдийг нь өвлийн улиралд ажиллах зориулалтайгаар солихоос эхлээд шаардлагатай зохион байгуулалтыг хийсэн. Гэхдээ л тоног төхөөрөмжүүд маань царцчихаад байсан учраас ажлын өмнө хөдөлгүүрүүдийг гэсгээж, заримд нь нэмэлтээр халаах төхөөрөмж тавьж,ажлын явцад байнгын халаалттай байдлаар явуулж байж зорьсондоо хүрлээ. Уг нь энэ замд шаардлагатай зам төмрийг ОХУ-аас авах байсан ч Орос Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалж, Оросын зах зээл дээр зам төмрийн үнэ огцом өссөн. Цар тахлын дараах эдийн засгийн хямрал бий болсон зэргээс шалтгаалж зам төмрөө авч чадахгүйд хүрсэн гэж ойлгож байгаа” хэмээн ярилаа.

Ажлын талбарт амсхийх завгүй хөдөлмөрлөж буй замчдын алтан цагийг хумсалж, ярилцлага авна гэдэг ч амаргүй юм. Тийм ч учраас эднийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

Ч.Баярхүү:Бидний сэтгэл, зорилго нэг

 

ЗЗМС-ын Механик цехийн мастер

-Би УБТЗ-д есөн жил ажилласнаас мастераар гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай хамт олон Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын-Овоо хүртэлх 14.2 км хос замыг тавьж буйгаараа бахархаж байгаа. Өнөөдөр/2023.12.27/ сүүлийн цонхоо авлаа. Миний мэдэхийн арванхоёрдугаар сарыг дуустал их завсар хийж байсан тохиолдол УБТЗ-ын түүхэнд байхгүй. Бид нэг зорилготой, нэг хамт олон. Бид бүхний зорьж сонгосон, эзэмшсэн мэргэжил энэ. Хүлээсэн үүрэг маань ч энэ. Нэгэнт хүлээсэн үүргийг биелүүлж дуусахаас өмнө буцах зам үгүй.  “Надгүйгээр энэ ажил урагшлахгүй. Энэ ажил урагшлахгүй бол хамт олны минь хичээл зүтгэлийн үр дүн гарахгүй” гэдэг сэтгэлээр л ажилладаг даа. Манай байгууллага залуучууд олонтой. Энэ халуун хөдөлмөрийн талбарт бие биенийхээ жаргал зовлонг үг хэлэлгүйгээр ойлголцох хэмжээнд нөхөрлөдөг учраас ямар ч бэрхшээлийг даваад л гардаг юм болов уу гэж боддог.

Х.Мөнхцэцэг:Манай гэр бүл төмөр замаараа бахархдаг

 

Үе угсрах баазын II цехийн замын мастер

-Би 1998 онд Төмөр замын техникумыг төгсөөд энэ байгууллагаас анх хөдөлмөрийн гараагаа эхэлж, өнөөг хүртэл Салхитын Үе угсрах баазад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”,“Хүндэт төмөр замчин” цол, тэмдгүүдээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн. Замын-Үүд-Шаргын-Овоо хоорондын хос зам тавих ажилд оролцсон хичээл зүтгэлийг минь үнэлж “Төмөр замчны алдар” цол тэмдгээр шагналаа. Сэтгэл өндөр байна. Нөхөр маань ч ЗЗМС-д галт тэрэгний даргаар ажилладаг. Манай гэр бүл энэ байгууллагаар овоглож, төмөр замын их бүтээн байгуулалтад идэр залуу насныхаа хөдөлмөр зүтгэлийг зориулж ирснээрээ үргэлж бахархаж явдаг. Хамт олондоо баярлалаа. Та бүхнийхээ ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Ийнхүү УБТЗ-ынхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл, зүтгэлээрээ жигүүрлэсэн чадварлаг замчид өвлийн хүйтэн, цагийн бэрхшээлийг үл ажран ажиллаж байна. Тэд үүрэг хүлээсэн бол заавал биелүүлдэг хөдөлмөрч хамт олон. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цуцалтгүй ажиллаж чаддаг хатан зоригтнууд юм.

 

Б.ДЭЛГЭРХИШИГ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.