Би таван нас хүртлээ годон гэзэгтэй, охид шиг тууз зүүчихсэн “ганган амьтан” дэгдэж явдаг байлаа. Миний сэвлэг үргээх найр хөлгүй өргөн болсон санагддаг юм. Харин балчир оюунд минь хүмүүсийн өгсөн бэлэгнээс авга ахын зүслүүлсэн ишигтэй ямаа, хэний ч билээ өгсөн үзэмтэй том еэвэн л тод үлдэж. Еэвэнг хувцасны шүүгээний дээд тавиурт тавьчихаад олон хоног идсэн юм даг. Ямаа нь өсөж үржээд лав 20 гаруй болон байх.
Сэвлэг үргээлгэснээс хойш үе үе үсээ засуулах хэрэг гарна. Гэхдээ тэр өдөр ихээ учир жанцантай, тун чухал үйл болж таарав. Ээж малчны календариа эргүүлж эргүүлж, “Идээ ундаа элбэг олдоно” гэсэн өдөр үсийг минь засуулдаг боллоо. Ингээд хэдэн оныг үдэв. Ээжийн зөв байсан юм байлгүй. Би л лав өлсөж, цангаж өсөөгүй юм даг. Гэтэл томрох тусам хүмүүс намайг “Нигерийн хүүхэд” гэж шоолцгоох болов. Би угийн тос даасан бор нөхөр л дөө. Тэр үеэс ээж маань миний гадаад үзэмжид санаа нь зовсон уу, нэг мэдэхнээ үс засуулах өдөр маань “Өнгө зүс сайжирна” гэдгээр солигдлоо. Үс зүсээ засуулах өдөр нь нөлөөлөөд өнгө зүс орсон эсэхээ би мэдэхгүй юм. Тэгтэл 16 нас хүрч, иргэний үнэмлэх авсан үеэс ээж “Одоо миний хүү сайн хүнтэй учирна гэсэн өдөр үсээ засуулж бай” гэж байна шүү. Угаасаа л үс засуулах өдөр ээжийн мэдлийнх тул хэлснийг нь хууль шиг биелүүлсээр 18 нас хүрээд цэрэгт мордлоо. Шинэ цэргүүдийн үсийг хусаж, усанд оруулах болоход сурсан зангаараа “Би календарь харъя, муу өдөр бол үсээ хусуулахгүй” гэвэл бага дарга “Тэгээд чи ямар өдөр үсээ хусуулах юм” гээд инээж байна. “Сайн хүнтэй учрах өдөр” гэтэл хал цэргүүд инээлдээд “Чи сайн хүмүүстэй учирчихаад байна, ойлгов уу. Бид тэр сайн хүн чинь байна” гэцгээж байтал нэг нь “Наадахаа эрлэг лугаа учрах өдөр үсийг нь хус” гэх дуулдав. Тэд ч тэр дор нь үсийг маань хусчихлаа. Ээжийн захиас ингэж анх удаа зөрчигдөхөд доголон нулимсаа дотогш нь залгиж, дотроо “Өнгө зүс доройтох өдөр” таарчихаагүй байгаадаа гэсэн шүү юм бодож зогссон сон. Цэрэгт ёстой үс засах өдөр судар харна гэдэг лөөлөө л дөө.
Цэргээс халагдаж ирээд одоо л нэг өөрийнхөө дураар үсээ засуулах минь гээд хуанлигаас сайн өдөр харжээ суутал найз охин хажуунаас “Эрхтэн хурц болно гэсэн өдөр засуулчих, хайр аа” гэдэг юм даа. Ингээд үс ямар өдөр засуулахыг манай хүн мэддэг боллоо. Бид хоёр амьдралаа холбож, үр хүүхэдтэй ч болоод авлаа. Тэгсэн гэнэтхэн л нэг өдөр үс засуулах өдөр маань “Эд хөрөнгө арвидна” гэдэг өдрөөр солигдов. Үр хүүхэдтэй хүмүүс чинь жаахан хөрөнгөтэй болъё гэж бодсон шиг байгаа юм, хөөрхий. Нээрээ ч төдөлгүй орох орон, унах унаатай болсноо бодоход эхнэрийн үг зөв ч байсан юм шиг... Гэтэл саяхнаас эхнэрийн зааж өгсөн шинэ өдрийг нь харвал “Нас уртасна” гэнэ. Бодох нь ээ 40 хүрээд үс засуулах өдрийн утга өөрчлөгдөж буй бололтой. Одоо ч би өөрөө өдөр сонгоно гэдэг бодлоо бүрмөсөн хаясан.
Үс засуулах өдөр өө гэж...
М.Болд
Сэтгэгдлүүд
хаха хаха яг л ингэнэ дээ